Валютын орох урсгал их, экспорт сайн байгаа нь төгрөгийн ханшийг тогтворжуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-03 12:09:39

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. М2 мөнгөний нийлүүлэлт энэ оны хоёрдугаар сард 37.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 24.3 хувиар өссөн. Банкуудын нийт зээлийн үлдэгдэл өмнөх оныхоос 24.2 хувиар нэмэгдэж, 27.8 их наяд төгрөгч хүрч, чанаргүй зээл хоёрдугаар сарын байдлаар 7.3 хувьтай байжээ.


Мөн, бизнесийн жижиг дунд үйлдвэрлэлийн зээл энэ оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 17.9 хувиар нэмэгдэж, 6.2 их наяд төгрөгч хүрсэн, тухайн сард 509.7 тэрбум төгрөгийн зээл олгож, 526.5 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ. Түүнчлэн, хоёрдугаар сард 161.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгож, нийт зээлийн үлдэгдэл 7,813.2 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд тухайн сард шинээр олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү 10.2 хувь байв.


Төв банкаас  сар тутам зохион байгуулдаг хэвлэлийн хурлын үеэр дээрх мэдээллийг өгсөн бөгөөд төрийн байгууллагын цалинг энэ сард нэмэх, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашиг тараах нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд тайлбарлав. Тэрбээр, "Мөнгөний бодлогын хороо дээрх нөлөөллийг тооцож, гуравдугаар сарын хурлаар бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулсан. Цалингийн өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляцыг нэмэхэд нөлөөлнө. Төрийн байгууллагын цалингийн өсөлтийн нөлөөг өнгөрсөн 7 дугаар сараас хойш ажиглаж байгаа. Энэ нь хувийн байгууллагын цалингийн өсөлттэй харьцуулахад үзүүлэх нөлөө нь бага юм. Иймд шинэчилсэн тооцооллоор цалингийн өсөлт, мөнгө тараалт дотоод эрэлт, инфляцыг нэмэхэд нөлөөлнө. Гэхдээ гадаад валютын орох урсгал их, экспорт сайн байгаа нь төгрөгийн ханшийг тогтвортой, чанга байлгах нөхцөл бүрдүүлж байна. Инфляц оны сүүлийн хагаст бага зэрэг нэмэгдэх ч ирэх онд зорилтод түвшинд очно. Цалингийн өсөлт, мөнгө тараахтай холбоотой нөлөөг саармагжуулахын тулд Монголбанк бодлогын арга хэмжээг авч байгаа" гэдгийг тэмдэглэлээ. 


Түүнчлэн, төв банк эдийн засгийн төсөөллөө бууруулж, ДНБ-ий энэ оны өсөлтийг 3.8 хувь гэж таамаглажээ. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй цас зуд, малын хорогдолтой холбоотой хэмээсэн юм. 

 

Related news