БАЯНХОНГОР: 48 мянган ширхэг бургасны тарьц бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-26 15:22:37

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сум дундын ойн ангийн алба хаагчид аймгийн Түйн голын эрэг дагуух бургасан шугуйд ажиллалаа. Байгалийн ургамал болох бургасан шугуйд арчилгаа, цэвэрлэгээ, таналт хийснээр олон тооны шинэ нахиа бий болж байгаа ба уг шинэ нахианаас шинээр тарих бэлдцүүдээ стандартын дагуу бэлтгэжээ.


Энэ хүрээнд нийт 48 мянган ширхэг бургасны тарьц бэлтгэх ажил өрнөж байгаа бөгөөд бургасанд таналт, тайралт, цэвэрлэгээ арчилгаа хийснээр голын шугуй залуужиж усны урсац нэмэгдэх давуу талтай. Тухайн бургасууд Түйн голыг нар, салхинаас халхалж, хүн малын хөлөөс тусгаарлан, эргийн хөрс газрыг элэгдэл эвдрэлээс хамгаалж, ус чийгийг нь барих үүрэг гүйцэтгэдэг.

Бургас нь чийг болон гэрэлд дуртай, хүйтэнд тэсвэртэй, нуур голын намгархаг чийглэг хөрсөнд сайн ургадаг, хамгийн найдвартай байгаль хамгаалагч болдог онцлогтой. Хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн Монгол оронд хамгийн хэрэгтэй модлог ургамал. Ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хурдан ургадаг учраас хот тосгон, цөлөрхөг газрыг ногооруулах, уул уурхайн нөхөн сэргэлтийг хийхэд ч тохиромжтой мод юм.


Түйн гол нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах ба Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум буюу Хангайн нуруунаас эх авч, аймгийн хилийн наагуур урссаар Нууруудын хөндий дэх Орог нуурт цутгадаг. Голын эрэг голдирлын дагуу Баянхонгор аймгийн төв Баянхонгор хот, Эрдэнэцогт, Өлзийт, Жинст, Богд зэрэг сумын төв байх агаад зарим баг байрлана.

Түйн голын цагаан бургас хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж талбайн хэмжээ багасч, ургалт удаашрах зэрэг сөрөг нөлөөлөлд өртөөд байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд арчилгаа тордолгоог тодорхой хэмжээнд хийж, хамгаалснаар шугуй зарим хэсгээр өтгөрч, гол усны түвшин нэмэгджээ.



Related news