БАЯНХОНГОР. Үнс нурмаа ил задгай газар асгаснаас үүдсэн гал түймрийн дуудлага зонхилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-02 15:40:29
Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Он гарсаар аймгийн хэмжээнд гал түймрийн 40 гаруй дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Гал түймрийн 20 хувь нь пийшин, зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан, 27 хувь нь цахилгааны ашиглалт, угсралтын буруу болон техникийн гэмтлээс шалтгаалсан, 45 хувь нь үнс нурмаа ил задгай газар асгаснаас үүдсэн гал түймрийн дуудлага мэдээлэл байна. Гал түймэр гарч байгаа цаг хугацаа нь 12:00-16:00, 18:00-20:00 цагт голчлон гарсан байна.

Улирал солигдож хүйтрэн, галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаарх зөвлөмжийг аймгийн Онцгой байдлын газраас хүргүүллээ.

Иргэд гэр, орон сууцнаасаа гарахдаа цахилгаан хэрэгслээ бүрэн салгаж, бүрэн бүтэн байдал нь алдагдсан, шалбарсан, зарим хэсгээрээ халалт үүсэж хайлсан, залгуур нь гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байхыг тус албанаас зөвлөв. Мөн пийшин, зуухны яндангийн гаргалаа хэсэгт галд тэсвэртэй материалаар хийж халалтаас хамгаалах, яндангийн ил гарсан хэсгийн урт нь гэр, байшингийн дээврээс 60-80 см-ээс дээш байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр гэртээ орхихгүй байх, цогтой үнс нурмаа ил задгай газар асгахгүй байх, үнс, нурмаа тагтай саванд хийж хэвших, бага насны хүүхдийг гал гаргах зүйлээр тоглуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
Related news