Боловсролын баримт бичиг, зэргийг харилцан хүлээн зөвшөөрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-31 17:35:28

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр боловсролын салбарын баримт бичиг, зэргийг талууд харилцан хүлээн зөвшөөрснийг БШУЯ мэдээллээ.


БШУ-ны сайд Л.Энх-Амгалан БНХАУ-ын Боловсролын сайд Хуай Жиньпөнтэй албан ёсны уулзалт хийсэн юм. Хоёр орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүний уулзалтууд тогтмол зохион байгуулж, үүнд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байгааг талууд онцолсон байна. 


Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөр цөлжилтийн эсрэг чухал үйл ажиллагаа бөгөөд экологи, ногоон байгууламжийн чиглэлээр хүний нөөц бэлтгэж, 2+2, 3+1 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, дундын лаборатори байгуулах талаар санал солилцов. Мөн Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэгтэй суралцах оюутны тоог нэмэх, хэлний бэлтгэлийг суралцах хугацаа, тэтгэлэгт багтаах, жил бүр ерөнхий боловсролын сургуулийн 100 удирдах ажилтан, 100 багшийг менежмент, цахим ур чадвар сайжруулах сургалтад хамруулж, сайн туршлага түгээх, Бээжин, Шандуны их сургууль, МУИС, ШУТИС-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дижитал боловсролын чиглэлээр тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх талаар ярилцжээ.


Сайд Хуай Жиньпөн, өнгөрсөн оны 4 дүгээр сард солилцсон нот бичгийн хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв. Мөн ЮНЕСКО-гоос боловсролын салбарт цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлж буй онцлох 5 орны нэгээр Монгол Улс нэрлэгдсэн, Күнзийн 4 институт, 7 танхимын үйл ажиллагааг сайшаасан аж. 


Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75, иж бүрэн стратегийн түншлэл, хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд одоогоор, Монгол Улсын 6600 гаруй оюутан БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. 

Related news