Хүн амын тоотойгоо уялдсан эрх зүйн орчин шаардагдаж байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМСонгинохайрхан дүүргийн ИТХ, ЗДТГ-аас дүүргийнхээ хөгжлийн гарцыг тодорхойлох зорилго агуулсан “Өнөөдрийн шийдэл, ирээдүйн хөгжил” нэртэй арга хэмжээг Төрийн ордонд зохион байгуулав.
Статистик мэдээллээс үзвэл, тус дүүрэг 300 гаруй мянган хүн амтай. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын 10 гаруй хувь нь амьдарч буй. Энэ нь бусад дүүргүүдтэй харьцуулахад харьцангуй их ачаалал үүрч байгаа ч санхүү, эдийн засгийн хувьд тус дүүрэг хөл дээрээ бүрэн зогсож чадаагүй байгаа аж. Үүний шалтгааныг дүүргийн удирдлагууд Төсвийн тухай хуультай холбон тайлбарлаж байна. Тодруулбал, Төсвийн тухай хуульд томоохон татварууд улс нийслэлийн төсөвт, найман нэрийн дэлгүүр, лангууны цөөхөн хэдэн төгрөг орон нутгийн төсөвт төвлөрдөг байхаар тусгасан. Иймд хүн амын тоо, газар нутагт тохирсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхгүй бол Сонгинохайрхан дүүрэгт амьдарч буй иргэд хохирсоор байна гэж форумыг зохион байгуулагчид үзэж байв.
Дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн сэтгүүлчдэд өгсөн яриандаа "Дүүргийн хөгжлийг хойш чангааж буй бодит шалтгааныг тогтоож, өнөөгийн нөхцөл байдал, хүчин зүйлийг тодорхойлохоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Иргэд, улс төрчид, эрдэмтэн судлаачдынхаа энэ талын санал бодлыг сонсч, зөв гарцыг олохыг зорьж уг форумыг зохион байгуулж байна" гэсэн бол нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, "Ирэх долоо хоногт нийслэлийн ИТХ-аар нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг авч хэлэлцэнэ. Түүний дараа нийслэлийн төсвийг тодотгох болно. Эдгээрт Сонгинохайрхан дүүрэгт тулгамдаад байгаа асуудлуудыг иж бүрнээр нь шийдэх төлөвлөгөөг боловсруулж тусгана" гэлээ.
Тус форумд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, дүүргийн удирдлагууд, төрийн албан хаагчдаас гадна эдийн засгийн чиглэлийн томоохон эрдэмтэд оролцов.
Б.Туул