ХОВД: 150 тонн мах нөөцлөх урьдчилсан төлөвлөгөө гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-13 14:00:20

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн хэмжээнд энэ онд 150 тонн мах нөөцлөхөөр урьдчилсан байдлаар төлөвлөжээ.

"Аймгийн нөөцийн махыг энэ онд нийт 150 тонн буюу хонины мах 102 тонн, ямааны мах 48 тонн нөөцлөхөөр төлөвлөж байгаа ба санхүүжилтийг 1.2 тэрбум төгрөг гэж тооцоолсон" гэж  Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.  


Одоогоор долоон аж ахуйн нэгж, компани нөөцийн мах бэлтгэх хүсэлтээ ирүүлсэн байна. Мэргэжлийн байгууллагын ажлын баг бүрэлдэхүүнийг шинэчилж, эцсийн байдлаар нөөцийн махны төлөвлөгөөг Засаг даргын зөвлөлд танилцуулахаар төлөвлөж байна.

Мах бол өрхийн хүнсний өдөр тутмын хэрэглээ, стратегийн чухал бүтээгдэхүүний нэг болох тул Засгийн газраас махны нийлүүлэлт, борлуулалт, зах зээлийн үнэд нөлөөлөх бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. 


Жил бүр хаврын улиралд махны нийлүүлэлт багасаж, түүний зах зээлийн үнэ эрс нэмэгддэг учраас нөөцийн махыг намар, өвлийн улиралд бэлтгэж, хаврын улиралд худалдаанд гаргах болсон.  


Малчин өрхийн хувьд уламжлалт аргаар борц бэлтгэж, хавар болон зуны улиралд хэрэглэж ирсэн уламжлалтай. Харин аймаг, сум, суурин газарт амьдарч байгаа иргэдийн дийлэнх хувь нь нөөцийн мах худалдаж авах эсвэл өндөр үнэтэй шинэ мах худалдаж авах гэсэн хоёр сонголтын аль нэгийг хийх шаардлага тулгардаг юм. 

   
Ховд аймгийн мал, махны судалгаагаар 2023 онд хүнсэнд 236.0 мянган толгой мал, зах зээлд 363.7 мянган толгой мал гээд нийт 599.6 мянган толгой малыг хэрэгцээлэхээр урьдчилсан байдлаар тооцоо гарчээ.  

Related news