“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.07.07) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Хууль тогтоомжийн төсөлд дүн шинжилгээ, хууль зүйн судалгаа хийх чадавхыг сайжруулах, парламентын судалгааны албыг өргөтгөн зохион байгуулах зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн барилгыг Улсын Их Хурлын Тамгын газарт шилжүүлэх арга хэмжээний хугацаа, төсөв, зардлын асуудлыг төсөлд тусгасан байна.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь үг хэлж, хуульч, судлаачдыг бие даасан, мэргэжлийн үйл ажиллагаанд Улсын Их Хурал нөлөөлөхгүй байх талаар санал илэрхийлсэн юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хурааж, Улсын Их Хурлын чуулганы хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.
Дараа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар батлагдсан хууль, тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг уншиж сонсгов.
Үүгээр Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа өндөрлөсөн юм.