Хамгийн олон номтой хувь хүн, байгууллагыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-09-12 11:42:40

Увс аймгийн Төв номын сангийн 80 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хүрээнд аймгийн хамгийн олон номтой хувь хүн, байгууллагыг шалгаруулан шагнаж урамшуулсан юм.

Номын сандаа 1320 гаруй номтой М.Батжаргал, 1280 гаруй номтой Б.Жавхлантөгс нар тэргүүн байрыг эзэллээ.

М.Батжаргал гуай 1974 оноос эхлэн өөрийн сонирхолдоо хөтлөгдөн ном цуглуулсан бөгөөд түүний номын цуглуулга дотор Монголын эртний түүхийн болон сургаалийн маш ховор бүтээлүүд байв. Түүнчлэн, Монголын уран зохиолын дээжис 108 боть, дэлхийн сонгодог зохиолууд, хүүхэд залуучуудын нэвтэрхий толь гэх мэт ном зохиолууд байлаа. Тэрбээр энэ хугацаанд аймгийн Төв номын санд 500 гаруй ном хандивлажээ.

Харин Б.Жавхлантөгсийн хувьд ардын аман зохиол, оньсого таавар, хэл шинжлэлийн ухааны ном сурах бичгийг илүүтэй цуглуулдаг байна.

Хамгийн олон номтой байгууллагаар Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245-р анги шалгарсан юм.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Related news