ДУНДГОВЬ: Сурагчдын 47,7 хувь нь ямар мэргэжилтэй болох сонголтоо хийгээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-08 11:26:25
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Аймгийн БШУГ, ХХҮГ, “Гэрэлтдэг ертөнц” ТББ хамтран Сайнцагаан сумын ерөнхий боловсролын 5 сургуулийн 8-9 дүгээр ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор сургалт зохион байгуулав.

Тус сургалтад нийт 491 сурагч оролцсон ба оролцогчдоос авсан судалгаагаар тэдний 47,7 хувь нь  ямар мэргэжилтэй болох сонголтоо хийгээгүй, 46,3 хувь нь энэ чиглэлээр мэдээлэл, сургалт авч байгаагүй гэжээ.

Сургууль төгсөж буй сурагчдын хувьд мэргэжил сонголт хамгийн чухал бөгөөд хүүхэд өөрийн хүссэн, зах зээлд хэрэгцээтэй мэргэжил сонгож чадаагүйгээс алдах тохиолдол олон бий. Тиймээс энэхүү сургалтаар сурагчдад мэргэжил сонгохдоо гаргадаг нийтлэг алдаа, түүнээс сэргийлэхэд туслах 6 алхмыг танилцуулжээ.

Мэргэжлээ зөв сонгохын тулд өөрийгөө таньж мэдэх, өөрийнхөө хүсэл сонирхол, үнэт зүйл, давуу, сул тал, нөөцөө тодорхойлох, өөрийн сонирхолд нийцэх мэргэжлийг судлах, ажлын байрны эрэлт, хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэлтэй болох, суралцах сургуулийнхаа тухай илүү ихийг олж мэдэх хэрэгцээтэйг зохион байгуулагч ТББ-ын зүгээс зөвлөсөн байна. 



Related news