Судалгаа: Дэлхийн дулаарал газар тариалангийн гол бүс нутгуудын ургацад сөргөөр нөлөөлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-06 11:05:09

БОСТОН. /tufts.edu/. Дэлхийн дулаарлын улмаас улаан буудай тариалдаг АНУ, Хятадын гол бүс нутгуудад ойрын хэдэн арван жилд 6-16 жил тутамд их ган болж, хэт халах төлөвтэй байгааг Европ, Америкийн цаг уурчдын судалгаа харуулжээ. Энэ нь дэлхий нийтийн хүнсний аюулгүй байдлыг бүхэлд нь дордуулна гэж Америкийн Тафтсын их сургуулийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. 


Тодруулбал, “XX зууны сүүл хүртэл зуун жилд нэг удаа нөмөрдөг байсан халууны давалгаа одоо АНУ-ын баруун дунд бүс нутагт зургаан жил тутамд, Хятадын улаан буудай тариалдаг бүс нутагт 16 жил тутамд тохиолдохоор байгааг эрдэмтдийн тооцоо харуулжээ. Цаг агаарын энэхүү хэвийн бус үзэгдэл нь дэлхийн газар тариалангийн гол бүс нутгуудын үр тарианы ургацад маш сөрөг нөлөө үзүүлэх болно" гэж Тафтсын их сургууль мэдээлжээ. 


Эрс тэс гэж нэрлэдэг цаг агаарын үзэгдэл нь дэлхийн дулаарлын үр дагавруудын нэг юм. Өвлийн улиралд үе үе хэвийн бус өндөр температурт хүрч дулаарах, зуны улиралд хэт халах, олон хоногоор ширүүн бороо үргэлжлэн орох, мөн ган гачиг зэргийг эрдэмтэд цаг агаарын эрс тэс үзэгдэл гэж тодорхойлдог. Энэ үзэгдлийн тод жишээгээр өнгөрсөн жил Европт болсон үер, энэ зун АНУ, Европыг нөмөрсөн халууны давлагаа, мөн  ОХУ-д 2010 онд тохиосон хэт халуун зун зэргийг дурдаж болно.


Тафтсын их сургуулийн профессор Эрин де Перезээр удирдуулсан Америк, Европын судлаачдын баг дэлхийн газар тариалангийн томоохон бүс нутгууд болох Америкийн баруун дунд хэсэг болон Хятадын зүүн нутагт хэт халалт, цаг агаарын бусад хэвийн бус үзэгдэл хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Дэлхийн хэмжээнд улаан буудайн ургацын үзүүлэлтээрээ Зүүн Хятадын бүс нутаг эхний байрт, АНУ-ын баруун дунд хэсэг дөрөвдүгээрт жагсдаг.



Related news