3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д Монголын баг өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-31 13:33:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Австрийн нийслэл Вена хотноо өчигдөр эхэлсэн 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д Монголын баг өрсөлдөж байна.


Тодруулбал, эрэгтэй багт Д.Дэлгэрням, А.Ананд, О.Энхбаатар болон “Завхан бродерс” багийн төвийн тоглогч Ц.Отгонжаргал нар багтаж, Э.Дөлгөөний гэмтэл гүйцэд эдгээгүй тул энэ удаа гэртээ үлдсэн билээ. Э.Дөлгөөн нь 2017 оны Азийн АШТ-ий "Үнэ цэнэтэй тоглогч"-оор тодорч, 2018 оны Азийн АШТ-ий бэлгэдлийн багт нэрлэгдэж, 2020 онд дэлхийн шилдэг дөрвөн ашигтай тоглогчийн жагсаалтад багтсан гэхээр Үндэсний шигшээ багт ямар чухал нөлөөтэй тоглогч байсан нь тодорхой.


Харин эмэгтэйчүүдийн багт О.Хулан, М.Цэрэнлхам, Ө.Индра, Б.Ариунцэцэг нар багтжээ. Б.Ариунцэцэг энэ жил эмэгтэйчүүдийн лигийн MVP-гээр тодорсон бол “Танан гарьд” багийн Ө.Индра 3х3 сагсны шигшээд анх удаа дуудагдсан юм.


Эрчүүд Нидерланд, Швейцар, Унгар, Японы шигшээтэй нэг хэсэгт таарсан бол эмэгтэйчүүд Унгар, Чех, АНУ, Канадтай нэг хэсэгт өрсөлдөх аж.


Хэсгээ тэргүүлсэн багууд шөвгийн наймд шууд шалгарч, хоёр, гуравдугаар байр эзэлсэн нь дунд шөвөгт шалгарахын төлөө нэмэлт тоглолт хийх юм.



ДАШТ-ий өмнөх чансааны оноогоор Монголын эрэгтэй баг зургаад, эмэгтэй баг 11-д бичигдэж байна.


Зургаадугаар сарын 4-ний өдөр өндөрлөх энэ удаагийн ДАШТ 2024 оны Парисын олимпын өмнөх хамгийн том сорилт болж байна.


Олимпын төрөлд сагсан бөмбөгийн 3х3 багтах болсон нь эл тоглоомын цар хүрээ хэр өргөжиж, нөлөөлөл нь хэрхэн өссөнийг бодитоор харуулсан үйл явдал юм.

Related news