БАЯН-ӨЛГИЙ: UNIDO-гийн ажлын баг Өлгий хотод ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-18 13:21:33

Өлгий /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO) Монгол Улсад итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулах, хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэхэд техникийн туслалцаа үзүүлж байгаа.

Тус байгууллагын Монгол дахь Хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболор, Экспортыг дэмжих төслийн олон улсын зөвлөх Ахмед Саад, үндэсний зөвлөх Р.Бумдарь, сургалтын мэргэжилтэн М.Саулегүл нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг энэ сарын 12-ны өдрөөс Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Энэ хугацаанд тус аймгийн Засаг дарга А.Камелият болон бусад албаны хүмүүстэй уулзаж ЮНИДО-ын Монгол дахь үйл ажиллагаа, төслийн зорилго, зорилт, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл, санал солилцлоо. 

Мөн төслийн мэргэжилтнүүд Баян-Өлгий аймаг дахь Халал баталгаажуулалтын байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөөг газар дээр нь өгч, Стандарт хэмжилзүйн газартай хамтран “Халал менежментийн тогтолцооны Ерөнхий шаардлага болон Үйл явцын шаардлага OIC/SMIIC 2:2019 Тохирлын үнэлгээ-Халал баталгаажуулалтыг гүйцэтгэдэг байгууллагад тавих шаардлага” сэдэвт сургалт зохион байгуулж байна.

Related news