Монгол, Польшийн харилцааны товч лавлах

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-21 13:22:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад энэ сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Тус айлчлалтай холбогдуулж, хоёр орны харилцааны товч лавлахыг танилцуулж байна.


Нэг. Улс төрийн харилцаа: Монголчуудын өвөг дээдэс болох Хүннүгийн удам угсаатнууд IV, V зууны үед Польшийн нутагт байлдан дагуулал хийж байсныг түүхэн баримтууд өгүүлдэг. 1241 оны 4 дүгээр сарын 9-нд Бат хааны цэргийн салбар ангиуд Польшийн Легницийн талбайд Польш, Европын рыцариудын нэгдсэн хүчийг бут цохисон. Энэ тулалдаанд Польшийн ван 2 дугаар Хенрик Побожны амь насаа алдсан. Марко Пологоос 50 орчим жилийн өмнө Ромын Папын элч Жиованни да Пиан дел Карпинитай хамт Польшийн санваартан Бенедикт Полак 1246 онд Хар Хорумд очиж, Их Хаан Гүегт бараалхаж байв. XIV зууны сүүлээс XVI зууны эх хүртэлх хугацаанд Алтан Ордны Улс ба Крымын ханлигаас “татаар”-ууд / Литва, Польшид ирж, суурьшиж эхэлсэн. Одоо польшид 3000 орчим татаар гэгдэх хүмүүс байгаагийн дийлэнх нь Польшийн зүүн хэсгээр амьдардаг. Ю.Ковалевски, В.Котвич, А,Ф.Оссендовски зэрэг нэрт эрдэмтэн, зохиолчид Монголын талаар олон ном зохиол туурвиж байсан. XIX, XX зууны заагт Монголын сүм хийдийн захиалгаар олон тооны бурхан /Аюуш бурхан/ Польшид цутгуулж авчирсан нь Монголын музей болон Гандантэгчэнлин хийдэд  хадгалагдаж байна.


Дипломат харилцаа: Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа 1950 оны 4 дүгээр сарын 14-нд тогтоосон. Польш Улс 1960 оноос Улаанбаатарт ЭСЯ-аа нээн ажиллуулж байгаад санхүүгийн бэрхшээлийн улмаас 1995 оны 9 дүгээр сард Улаанбаатар дахь ЭСЯ-аа хаасан. Харин 1999 онд ЭСЯ-аа сэргээн нээж, Дипломат 95 орон сууцны байрт байрлаж байсан. Польшийн тал ЭСЯ-аа 2009 онд дахин хааж, Бээжингээс манай улсыг хавсран сууж байсан. Харин 2015 оноос  Варшаваас Монголыг хариуцаж ажиллах Элчин сайдыг томилсон. Польшийн Засгийн газар Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээх шийдвэрийг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж, байнгын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай Улсын ЭСЯ Варшавт 1959 оноос тасралтгүй ажиллаж байна.


Элчин сайд нар: Элчин сайд Б.Дорж 2020 оны 9 дүгээр сарын 10-нд ИЖБ-ээ барьсан бол Элчин сайд Кшиштоф Бойко 2019 оны 5 дугаар сарын 28-нд ИЖБ-ээ барьжээ.


Ерөнхийлөгчийн түвшинд:

Ерөнхийлөгч Н.Багабанди 1999 онд, Ерөнхийлөгч Л.Качиньски 2008 онд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд, Ерөнхийлөгч Б.Коморовски 2013 онд, Ерөнхийлөгч асан Л.Валенса 2013 онд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Чимид 1996 онд, Б.Батхишиг 2005 онд, Польшийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хатагтай Д.Хюбнер 1998 онд, И.Шыманик-Дереш 2004 онд тус тус айлчилсан.

Парламентын түвшинд:

Сенатын дэд маршал З.Куратовска 1991 онд, Сенатын маршал А.Стрүжик 1995 онд, УИХ-ын дарга Р.Гончигдорж 1997 онд, УИХ-ын дэд дарга Н.Энхболд 2010 онд, Сенатын Маршал Б.Борусевич 2013 онд, Сеймийн дэд маршал Е.Вендерлих 2014 онд, Сеймийн дэд маршал Э.Гжэшчак 2015 онд, УИХ-ын дарга З.Энхболд 2015 онд, Сенатын дэд Маршал М.Коц 2016 онд 

Сеймийн дэд маршал М.Гошевска 2019 онд, 2021 онд, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан 2021 онд тус тус айлчилсан.

УИХ-ын төлөөлөгчид: 1991, 1994, 1996, 1998, 2003, 2005, 2008, 2011, 2013, 2017 онд, Польшийн Парламентын төлөөлөгчид  1995, 1999, 2001, 2004, 2007, 2018 онд, Сеймийн Тамгын газрын дарга К.Чешейко-Сохацки 2002 онд, УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Шаравдорж 2009 онд тус тус айлчилжээ.

ГХЯ-ны түвшинд:

ГХЯ-ны ТНБД Р.Алтангэрэл 2003 онд, ГХЯ-ны ТНБД Д.Цогтбаатар 2011 онд, Гадаад хэргийн дэд сайд Б.Стелмах 2011 онд, Гадаад хэргийн дэд сайд Е.Помяновски 2012, 2013 онд, Гадаад хэргийн сайд В.Чимошевич 2004 онд, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг 2013 онд, Гадаад харилцааны сайд Л.Болд 2014 онд, Гадаад хэргийн дэд сайд М.Ланг 2019 онд, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2022 онд тус тус айлчилсан.

Бусад түвшинд:

Польшийн Хянан шалгах дээд танхимын дарга М.Секула 2004 онд, Эрүүл мэндийн сайд Т.Ганди 2005, Сангийн сайд Н.Баяртсайхан 2006 онд, Батлан хамгаалахын сайд Д.Сономпил 2006 онд, Батлан хамгаалахын сайд Л.Болд 2008 онд, ЗХЖШ-ын дарга Ц.Тогоо 2009 онд, Польш Улсын эдийн засгийн дэд сайд М.Королец 2009 онд, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Дэд дарга Л.Зориг 2012 онд, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин 2012 онд, БХЯ-ны ТНБД З.Болдбаатар 2015 онд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 онд, БХЯ-ны Ерөнхий хянан шалгагч, хошууч генерал З.Болдбаатар 2017 онд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга 2017 онд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг 2018 онд,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн 2021 онд тус тус айлчилсан. 


Парламентын бүлэг:

2020 оны 9 дүгээр сарын 16-нд Польшийн Парламентад Польш, Монголын парламентын бүлэг байгуулагдсан. Бүлгийн дарга нь Марек Жонса дахин сонгогдон 2016 оноос хойш даргалж буй. 2020 оны  8 дугаар сарын  31-нд УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ажиллаж байна.


1990 оноос өмнө Польшийн зээл, тусламжаар Монголд байгуулсан үйлдвэр:

1. Дарханы царууц тоосго, шохойн үйлдвэр 1966 он

2. Улаанбаатарын Хөнгөн бетоны үйлдвэр 1966 он

3. Хархорины дулааны цахилгаан станц 1970 он

4. Улаанбаатарын мод боловсруулах комбинат 1971 он 

5. Улаанбаатарын Халиман цавууны цех 1975 он

6. Улаанбаатарын Нэхээсгүй эдлэлийн үйлдвэр 1989 он

7. Улаанбаатарын спиртийн үйлдвэр 1974 он

8. Хархорины спиртийн үйлдвэр 1974 он

9. Чойбалсангийн царууц тоосгоны үйлдвэр 1985 он


1961-1965 онд Польшийн түүхэнд хамгийн том буюу 190 хүнтэй геологийн экспедиц байгуулагдан Монголын баруун аймгуудын нутагт геологийн судалгаа, эрэл хайгуул хийж байв. Тухайлбал,1962-1964 онд Монгол Алтайд Е.Рутковскийн удирдсан экспедиц, 60-аад оны сүүлийн хагаст Вроцлавын геологичид, 70, 80-аад онд олон улсын экспедицүүдийн бүрэлдэхүүнд геологийн судалгаа үргэлжилж, 1984 оноос Монгол-Польшийн хамтарсан экспедиц байгуулагдан Лугийн гол, Мушгиа худагт газрын ховор элементийн хайгуул хийж байв. 1963-1971 онд Варшавын их сургуулийн проф. Зофиа Келан-Яворовскагийн удирдсан Польш-Монголын палеонтологийн хамтарсан экспедиц ажиллаж, том нээлтүүд хийж, 100 шахам олдворууд олсон. Варшав дахь палеонтологийн музей баялаг үзмэртэй бөгөөд Монголоос авчирсан үзмэрүүд чухал байр суурь эзэлдэг.


Зээл, тусламжийн тухай мэдээлэл: 

“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээр”-т (50сая евро) 2017 оны тавдугаар сарын 9-нд гарын үсэг зурсан. Зээлийн хугацаа 33 жил, зээлийн хүү 0,15 хувь. Нөхцөлт зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хугацаа 2018 оны долдугаар сарын 24-нд дуусгавар болсныг 2021 онд дахин сунгасан.


Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэх төслүүд:

•Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн  шинэчлэх, шинээр барих төсөл (Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Увс, Завхан ) - 17.5 сая евро

•Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл-3 сая евро (хэрэгжсэн)

•Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт II шатлалын эмнэлэг - 6.5 сая евро (хэрэгжсэн)

•Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах - 9.0 сая евро (хэрэгжиж байгаа)

•Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх - 3.8 сая евро 

Тохиролцоонд хүрээгүй төсөл:

•Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх - 10.2 сая евро


Иргэд харилцан зорчиж буй тухай

-Дипломат болон албан паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног визгүй зорчино. Бусад иргэд виз авах шаардлагатай. -Польшийн богино хугацааны визийг Улаанбаатар дахь Чехийн ЭСЯ-наас олгодог.

-“Монголд зочлох жил 2023-2025” хөтөлбөрийн хүрээнд БНПУ-ын иргэд аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад 30 хоног визгүй зорчиж байна.

-БНПУ-ын Батлан хамгаалахын Атташе, Бригадын генерал Станислав Качиньски Бээжингээс хавсран суудаг. 

-Монгол Улсын Батлан хамгаалахын Атташе, Хурандаа С.Самдангэлэг Берлинээс хавсран суудаг.

-Польшийн Өргөмжит консул О.Хулан 2022 оноос ажиллаж байна. 

-Монголын Өргөмжит Консул Ц.Уртнасан 2015 оноос Польшийн Краков хотноо ажиллаж байна.


Иргэдийн тухай мэдээлэл:

-Польшид манай 1000 орчим иргэн оршин сууж байна. 

-Ардын уламжлалт анагаах ухааны 100 гаруй эмч ажилладаг. 

-2022 оны жилийн эцсийн байдлаар манай улсад Польш улсын 27 иргэн 90 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байна.


Байгуулсан гол хэлэлцээрүүд

-“Хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих, хамгаалах тухай хэлэлцээр”- 1995 онд, 

-“Орлогын ба хөрөнгийн татварыг давхардуулан олгохгүй байх тухай хэлэлцээр”- 1997 онд, 

-“Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хэлэлцээр”- 1997 онд, 

-“Хоёр орны иргэдэд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”- 1998 онд, 

-“Соёл, боловсрол, шинжлэх ухаан техникийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр, Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр” - 1999 онд,

-“Mонгол Улсаас БНПУ-д төлөх өрийг зохицуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”- 2006 онд,

-“Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээр”  -2011 онд

-“Монгол, Польшийн Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” - 2013 

-“Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай БНПУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” - 2013

-“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээр” (50 сая евро) - 2017

-“Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр” - 2018

-“Тусгай мэдээллийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” - 2023


Харилцааны байдал: Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай юм.

Related news