БАЯН-ӨЛГИЙ: Б.Бекболат: Онгоцны тийзийн үнэ аялал жуулчлалд сөргөөр нөлөөлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, хөгжил, тулгамдсан асуудлуудын талаар аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Бекболаттай ярилцлаа.
-Бидний хүсэлтийг хүлээн авч мэдээлэл өгч байгаад талархал илэрхийлье. Ярилцлагынхаа эхэнд Баян-Өлгий аймгийн хэмжээнд хэдэн аж ахуйн нэгж аялал жуулчлалын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Баян-Өлгий бол манай улсын 21 аймаг дотроос өөрийн гэсэн онцлогтой аймаг Үүнтэй
холбоотойгоор тус аймгийг зорин ирэх гадаад, дотоодын жуулчдын тоо бусад
аймагтай харьцуулахад их байдаг. Улсын
бүртгэлийн байгууллагын мэдээллээс харахад Баян-Өлгий аймагт аялал жуулчлалын
чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 100 орчим аж ахуйн нэгж бүртгүүлсэн. Эдгээрийн
дотроос 10 орчим компани өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
-Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэхүү бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхэд манай аялал жуулчлалын болон үйлчилгээний салбар хэр бэлэн байна?
-Хоёр
жил үргэлжилсэн цар тахал аялал жуулчлалын салбарт хүндээр туссан. Үүний үр
дагавар цар тахлын дараа ч үргэлжилж байна. Тухайлбал, өнгөрсөн онд манай аймагт
зочилсон жуулчдын тоо 2019 оны түвшинд хүрээгүй. Дөнгөж 30-40 хувьтай байсан. Онцолж
хэлэх нэг зүйл бол цар тахлын дараа Баян-Өлгий аймгийг зорин ирэх дотоодын
аялагчдын тоо нэмэгдсэн. Цар тахлын өмнөх түвшинд хүрэхийн тулд бид ковидын
үеэр бусад салбар руу шилжсэн боловсон хүчнүүдээ нөхөх шаардлагатай байна.
-Ямар ямар боловсон хүчин бэлтгэх шаардлагатай байгааг тодруулбал?
-Гадаад,
дотоодоос ирсэн жуулчдыг холбогдох газарт нь аюулгүй, түргэн шуурхай хүргэдэг жолооч,
тэдний шаардлага, таалалд нийцсэн хоолыг нь хийж өгдөг тогооч нар болон
орчуулагчид байгаа. Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон
зарлаж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байгаа
тул энэ жил манайд ирэх жуулчдын тоо нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа.
Тийм учраас бид аялагчдыг хүлээж авах бэлтгэлээ хангах ёстой. Аймгийн Аялал
жуулчлалын холбооноос энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
-Баян-Өлгий аймагт ирсэн жуулчдын тоо бодит биш гэж олон хүн эргэлздэг. Энэ статистик мэдээллийг яаж гаргаж авч байна?
-Цар
тахлаас өмнө тус аймагт ирдэг гадаадын жуулчдын тоо давуу байсан. 2021 оноос
хойш дотоодын аялагчдын тоо өссөн. 2019 оныг хүртэл Баян-Өлгий аймагт жилд 8000-10000
гадаадын жуулчин ирдэг байлаа. Энэхүү судалгааг хэд хэдэн эх сурвалжийг ашиглан
гаргаж байгаа. Жишээ нь, Цагааннуурын хилийн боомтоор орж, гарч буй хүмүүсийн
тоо, Алтай Таван богдын байгалийн цогцолбор газарт нэвтрэхийн тулд хил
хамгаалах байгууллагаас авсан зөвшөөрөл зэргийг үндэслэл болгодог. Өнгөрсөн онд
дотоодын 40 мянга гаруй, Казахстан Улсаас 14 мянга, ОХУ-аас 10 мянга, бусад
орноос 5 мянга, нийтдээ 60 мянга орчим хүн Баян-Өлгий аймагт ирсэн гэсэн
мэдээлэл байна.
-Баян-Өлгий аймгийн нутгаар аялсан нэг жуулчин хэдэн төгрөгийг аймгийн эдийн засагт оруулдаг бол? Энэ талаар хийсэн тооцоо, судалгаа байдаг уу?
-Зөвхөн
Баян-Өлгий аймгийн нутгаар аялсан аялагчдын дунд хийсэн судалгаа биш, Монгол
Улсыг бүхэлд нь хамруулан гаргасан тооцоо байдаг. Тухайлбал, Дэлхийн банк, Азийн
хөгжлийн банк зэрэг байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол Улсад ирсэн гадаадын
нэг жуулчин өдөрт 80-120 долларыг эдийн засагт оруулдаг байна. Энэ мөнгө бол
зочид буудал, жолоочийн хөлс, морь, тэмээ хөлслөх, хоол унд, үзмэр үйлчилгээ
зэрэгт зарцуулагддаг. Аялал жуулчлалын салбар улс орны гадаад валютын нөөцийг
нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнээс гадна энэ салбараас орсон
орлого ард иргэдийн гарт шууд хүрдгээрээ онцлогтой.
-Энэ салбарыг хөгжүүлэхэд саад болж буй ямар тулгамдсан асуудлууд байна?
-Тулгамдсан хамгийн том асуудал бол орон нутгийн нислэгийн тийзийн үнэ их байна. Баян-Өлгий аймаг бол нийслэл Улаанбаатар хотоос хамгийн алслагдсан аймаг. Автобусаар явах юм бол тухайн жуулчин ихэнх хугацаагаа замд өнгөрүүлдэг. Гадаадын жуулчид голдуу ээлжийн амралтаа ашиглаж 2-3 долоо хоногийн хугацаагаар ирдэг хүмүүс шүү дээ. Тийм учраас хурдан хугацаанд зорьсон газартаа очоод буцахыг эрмэлздэг.
Харамсалтай нь Улаанбаатар-Өлгий чиглэлийн онгоцны тийзийн үнэ их байгаа нь
аялал жуулчлалын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Одоогоор тийзээ хугацаа тулж
авах юм бол хоёр талдаа 1,5 сая, урьдчилан захиалбал 1 сая төгрөгийн үнэтэй. Увс, Ховд аймгаар дамжвал мөн адил. Энэ мөнгийг төлөөд тийз авъя гэхээр
өдөр бүр нислэг байхгүй тул зарим үед хугацаа нь таардаггүй, тийз олдохгүй
асуудал байдаг. Түүнээс гадна Баян-Өлгий аймгийн нисэх буудал шөнийн цагаар
нисэх онгоц хүлээн авах боломжгүй байна. Саяхан Байгаль орчин, аялал жуулчлалын
сайд Б.Бат-Эрдэнэ тус аймагт ажиллах үеэр онгоцны буудлын хүчин чадлыг
нэмэгдүүлэх, нислэгийн үнийг бууруулах асуудлыг тавьсан.
Түүнээс гадна Баян-Өлгий аймагтай хил залгаа БНХАУ-ын Алтай аймагт жилд 30-33 сая, ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын нутагт 2-2,5 сая сая жуулчин ирдэг. Ингээд харахаар Монгол Улсын Баян-Өлгий аймагтай хөрш зэргэлдээ нутгуудад жилд 35 орчим сая жуулчин зорчиж байна. Хэрвээ тухайн бүс нутгуудтай шууд нислэгтэй болбол 35 сая жуулчны тодорхой хэсгийг татах боломж байна гэдгийг салбарын сайдад уламжилсан.
-Та өөрөө аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ салбарт олон жил ажилласан туршлагатай хүний хувиар асуухад гадаадын жуулчид та бүхнээс үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой ямар ямар хүсэлт, шаардлагууд тавьдаг вэ?
-Бидний
жуулчдад санал болгодог аялал жуулчлалын бүтээгдэхүүн маань үзэсгэлэнт байгаль,
орон нутгийн иргэдийн соёл, түүх соёлын дурсгалт газрууд шүү дээ. Жуулчдын
зүгээс заримдаа тодорхой асуудлуудаар санал хүсэлтээ илэрхийлдэг үе байдаг. Тухайлбал,
Алтай Таван богд уул хүрэх зам муу, бартаатай. Тухайн зам дагуу жуулчид түр
зогсож амраад аяга кофе уудаг газар, эсвэл бие засдаг боловсон жорлон байдаггүй.
Хөдөө олон хоногоор явахдаа усанд орохыг хүсдэг гэх мэтчилэн анхаарах асуудлууд
байгаа. Сүүлийн жилүүдэд манай аймагт шийдэгдсэн нэг ажил бол жуулчид олноор
очдог ихэнх газрууд үүрэн холбооны сүлжээтэй болсон. Энэ бол сайшаалтай зүйл
байгаа юм.
-Саяхан аймгийн ИТХ-аас “Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр” баталсан. Тухайн хөтөлбөр салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэж чадах болов уу?
-Баян-Өлгий
аймаг өнөөдрийг хүртэл аялал жуулчлалыг хөгжүүлэх хэд хэдэн дэд хөтөлбөр баталж
байсан. Харамсалтай нь, манайхан баталсан хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй орхичихдог
асуудал байгаа. Энэ удаагийн хөтөлбөрт дээр дурдсан тулгамдсан асуудлуудын
бүгдийг нь багтаасан. Аймгийн хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг компаниуд саналаа өгсөн. Монгол Улсын Засгийн газраас ирэх гурван
жилийг Монголд зочлох жил болгон зарлаж, холбогдох бэлтгэл ажлуудаа хангаж
байгаа болохоор тухайн хөтөлбөр хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.
- Баян-Өлгий аймагт аялал жуулчлалын салбарт хэдэн хүн ажлын байраар хангагдаж байна?
-Олон улсын
жишгээр нэг жуулчин аялахад түүнд үйлчилж буй 3-4 хүн шууд хэлбэрээр орлого
олдог гэж үздэг. Түүнчлэн шууд бус хэлбэрээр 10-15 хүний ажлын байр идэвхждэг
байна. Жишээ нь, Баян-Өлгий аймагт нэг жуулчин ирлээ гэхэд түүний хоолыг нь
хийсэн тогооч, ийш тийшээ авч явсан жолооч, орчуулга хийсэн орчуулагч ажлын
хөлсөө авна. Хоносон зочид буудалд нь орлого орно. Онгоцны тийз худалдаж авна,
хөдөөгийн нэг айлаас тэмээ, морь хөлсөлнө, бүргэдтэй айлд очиж зураг авхууллаа
гэхэд үйлчилгээ үзүүлсэн бүх хүн, аж ахуйн нэгж тодорхой хэмжээгээр орлого
олдог.
-Аялал жуулчлал эдийн засгийн бусад салбарын хөгжилд хэрхэн нөлөөлж байна гэж дүгнэдэг вэ?
-Аялал
жуулчлалыг дагаж бусад салбар хөгждөг. Манай улсад, Баян-Өлгий аймагт аялал
жуулчлалын ачаар олон эерэг үр дүн гарсан. Тухайлбал, бүргэдээрээ Баян-Өлгий аймаг дэлхийд танигдлаа. Улмаар бүргэдчдийн хувцас, морины тоноглол
сайжирч, эрт дээр үед хэрэглэж байгаад сүүлдээ мартагдах шахсан хувцасны
загварууд, морины тоноглолуудыг дахин сэргээн ашиглаж байна. Хатгамал, хоол үйлдвэрлэлийн салбар эрчимтэй
хөгжиж байгаа.
-Ярилцлагын эхэнд аялал жуулчлалын салбарт
ажиллах боловсон хүчнүүдээ дахин бэлтгэхээр төлөвлөж байна гэж хэллээ. Үүнийг
хэрхэн зохион байгуулах вэ?
-Боловсрон хүчин бэлтгэх асуудлаар хэд хоногийн өмнө аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандсан. Тус газрын дарга А.Галия гуай мөн дэмжиж байгаа. Улаанбаатар хотоос мэргэжлийн хүмүүсийг урьж, орон нутагт сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
- Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.