ХӨВСГӨЛ: Эрчмийн шороон хэрэм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-04-18 13:12:13

Мөрөн  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвөөс зүүн урагш Эрчмийн нурууны ар Загзуугийн аманд 163 метр урттай, 136 метр өргөнтэй, 18 метр урт хаалгатай дөрвөлжин шороон хэрэм цайзын туурь байдаг. Шороон хэрэм цайз нь нэлээн өндөр байсан бололтой, он удаан жил улирахад газартаа тэгшрэхгүй одоо бараг 2 метр орчим өндөр байна. Шороон хэрэм цайз нь дөрвөлжин хэлбэртэй, дөрвөн булан гурван талдаа харуулын цамхагтай, зүүн талдаа хаалгатай байсан ул мөр байдаг. Хэрмийн дотор ямар нэгэн барилга байгууламж байсан ул мөр хөрсний байдлаас мэдэгдэхгүй байгаа юм.



Тус хэрмийг тусгайлан ухаж малтаж судалгаа хийгээгүй боловч түүх сударт бичигдсэнээр "Юань улсын үеийн Эрчүүгийн балгасны үлдэгдэл  мөн" гэж  нэрт эрдэмтэн Х.Пэрлээ, доктор Д.Майдар, Д.Баяр нар үзсэн байна.

Өгөдэй хаан Эрчүү хотод Гамала, Сила нэртэй суварга босгосон гэж Алтан товчид бичсэн бол түүхч Саган сэцэн Эрдэнийн товч хэмээх зохиолдоо “Хубилай хааны үед Монголын дөрвөн их нийслэл байсан. Түүний нэг нь Эрчүүгийн цагаан балгас байв” гэсэн байдаг байна. Үүнээс үндэслэн эрдэмтэн Х.Пэрлээ “Энэ хотын ор нь Эрчмийн нурууны арын Загзуугийн аманд байдаг шороон хэрэм мөн болов уу” гэжээ.


Харин энэ шороон хэрмийг нутгийн иргэд 250-иад жилийн тэртээ амьдарч байсан Хотгойдын Шадар ван Чингүнжавын хамгаалалтын хэрэм цайз гэж үздэг. Хэрмийг байгуулах гэж 2-3 км-ийн зайтай Сүүжийн булаг гэдэг газраас шороог ухаж, үхэр тэргээр зөөж барьсан гэдэг. Шороон хэрмийн гол дунд “Хотгойдын Чингүнжавын дурсгалд 1757 он” гэсэн үгтэй 3 метр өндөр бетонон хавтанг 1978 онд босгосон байдаг .


Энэ шороон хэрэм цайз Чингүнжавынх уу, эсвэл эртний Эрчүү хотын хэрэм цайзын туурь уу гэдэг нь одоогоор албан ёсоор тодорхой болоогүй байгаа ажээ.

 

Related news