БАЯН-ӨЛГИЙ: "Оюутан цэрэг" сургалтад 10 оюутан хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлэх, улс орныг батлан хамгаалах чадавхыг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилгоор "Оюутан цэрэг" хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж байгаа.
Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу “Оюутан цэрэг” сургалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдана.
Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Цэргийн албаны тухай хууль, Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн “Оюутан цэрэг” сургалтыг аймагтаа зохион байгуулж байна.
Энэ жил МУБИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн сургууль болон аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 10 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсан. Тухайн оюутнуудад ирэх зургаадугаар сар хүртэл 2 сарын хугацаанд цэргийн ерөнхий бэлтгэл шатны мэдлэг олгоно. Харин 6 дугаар сараас эхлэн Ховд аймагт цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалт (14 багц цаг буюу 560 цагийн хичээл)-ыг танхимын болон хээрийн дадлага, сургуулийн хэлбэрээр зохион байгуулах ажээ.