БАЯНХОНГОР: Стандартыг илүү энгийн, иргэдэд ойлгомжтой байдлаар боловсруулах саналд нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-22 14:51:23

Баянхонгор /МОНЦАМЭ/. Стандарт, хэмжил зүйн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, "Төрөөс стандарт, хэмжил зүйн талаар баримтлах бодлого", "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийг танилцуулж, хэлэлцүүлэх ажил улс орон даяар өрнөж байна.


Үүнтэй холбоотойгоор Баянхонгор аймагт олон нийтийн оролцоотойгоор үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, оролцогчдоос санал асуулгыг танхимаар болон бичгээр авчээ.


Хэлэлцүүлэгт төрийн байгууллагын 83 албан хаагч, төрийн бус байгууллагын 40, иргэний төлөөлөл зургаа буюу нийт 130 орчим төлөөлөл оролцож, 67 саналыг гаргасан байна.


Хэлэлцүүлэгт оролцогчид Стандартыг салбар бүр дээр хэрэгжих ангиллаар нь QR-аар кодлох, байгууллага бүр өөрийн холбогдох стандартаа QR код уншуулаад мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, Стандартын хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд илүү энгийн хялбар, иргэдэд ойлгомжтой байдлаар боловсруулах, Стандартын боловсон хүчний асуудлыг бодлогоор дэмжих, орон нутагт хяналтын байцаагч бэлтгэх, сум бүрд стандартын асуудал хариуцсан 1-2 мэргэжилтэнтэй болгож, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхийг хүсчээ.


Мөн Стандартын мөрдлөгөд хяналт тавьдаг байх үүднээс хяналтын тогтолцооны стандарт бий болгох, боловсруулах, хүний амьдрах орчин тав тухтай аюулгүй байдлыг хангасан стандартыг боловсруулж, батлуулахыг дэмжсэн байна. Түүнээс гадна Үндэсний хэмжээнд цацагдах стандартын тухай мэдээллийн цагийг телевизийн хөтөлбөрт оруулах, Экспортыг тэргүүлэх салбарын бүтээгдэхүүн бий болгохын тулд төрөөс олгож буй ЖДҮ-ийн зээл, мөнгөн тусламжийг энэ салбарт илүү тусгаж өгөх, Экспортыг тэргүүлэх салбарын бүтээгдэхүүн бий болгохын тулд тухайн орон нутгийн нөөцөд тулгуурлан стандарт бий болгон, батлуулах зэрэг саналыг илэрхийлсэн байна.

Related news