ӨМНӨГОВЬ: ГБХЗХГ-аас “Тангараг өргөсөн жавхаат цэрэг" өдөрлөгийг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-17 15:22:33

Даланзадгад /МОНЦАМЭ/ Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн хөгжсөний 102 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулан "Тангараг өргөсөн жавхаат цэрэг" өдөрлөгийг хийлээ.

 

Тус өдөрлөгийг Зэвсэгт Хүчний 167 дугаар ангийн хамт олонтой хамтран хугацаат цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулжээ. Энэ үеэр алба хаагчдын дунд Opеn mic, Хөгжөөнт тэмцээн, "Зүрх яарна гэртээ" гэр бүлийн нэвтрүүлэг, "Миний сэтгэлийн үг" утсан мэндчилгээ зэрэг үйл ажиллагааг зохион явуулав.









 

“Тангараг өргөсөн жавхаат цэрэг” өдөрлөгийн сэтгэл хөдөлгөм нэгэн хэсэг бол аавыгаа алба хааж байх үед төрсөн бяцхан хүүг, ээжтэй нь хамт цэргийн хуаранд зочлуулан аавтай нь уулзуулсан баярт мөч байлаа.

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумаас 2022 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдан ирж албаа нэр төртэй хааж байгаа Нямбатын Мягмардорж, эхнэр Очирхуягийн Цэндсүрэн нар 2022 оны 2-р сард бяцхан хүүтэй болсон юм. Бяцхан хүү аавыгаа эр цэргийн албанд мордсоноос хойш дөрвөн сарын дараа төржээ. Өмнөговь аймгийн ГБХЗХГ, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хамт олон хамтран Улаанбаатар хотоос эхнэр О.Цэндсүрэнг хүүтэй нь гэнэтийн бэлэг болгон авчирч алба хаагч Н.Мягмардоржтой уулзуулан баярыг бэлэг барилаа. 



 





Энэхүү үйл ажиллагаа нь эх орныхоо аюулгүй тайван байдлыг сахин хамгаалахаар тангараг өргөн алба хааж байгаа алба хаагч нарын сэтгэл зүйг дэмжих, соён гэгээрүүлэх, эерэг уур амьсгал төрүүлэх, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэн нийгэмшүүлэх зэрэг олон давуу талуудыг бий болгох ач холбогдолтой. 


Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн ХЦАХ  Н.Мягмардорж

Миний хувьд үнэхээр том гэнэтийн бэлэг боллоо. Гэнэт ороод ирнэ гэж ерөөсөө бодоогүй зүүдлээ ч үгүй байсан. Энэ сайхан ажлыг зохион байгуулж хүүг минь уулзуулсан 167 дугаар ангийн захирагч, ангийн бие бүрэлдэхүүн, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олонд гэр бүлийнхээ зүгээс баярлаж талархсанаа илэрхийлье. 

Нийт цэргийн алба хааж байгаа эр цэргүүддээ, офицер, ахлагч ангийн бие бүрэлдэхүүндээ Монгол цэргийн баярын мэндийг хүргэе. 

Related news