ӨМНӨГОВЬ: Монголын хамгийн хурдан тамирчнаар Отгонтөгсийн Зулхүү тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-09-29 21:15:17

Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадмыг есдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Баянхонгор аймаг болон Улаанбаатар хотод зохион байгууллаа. 

  

Спортын XVI наадам нь 64 жилийн түүхтэй бөгөөд Өмнөговь аймгаас спортын 18 төрөлд 259 тамирчин амжилттай оролцлоо.

 

Тодруулбал, наадмын хөнгөн атлетикийн тэмцээнд Өмнөговь аймгийн Сэврэй сумын уугуул тамирчин, спортын мастер Отгонтөгсийн Зулхүү оролцож, сүүлийн 4 жилийн хугацаанд 8 дахь алтан медалиа хүртлээ.

 

Түүний амжилтыг дурдвал, Монголын “Олимп” гэгдэх бүх ард түмний спортын наадмын 100 метрийн зайд 10.71 секундийн амжилтаар, 200 метрийн зайд 21.67 секундийн амжилтаар тус тус алтан медаль, 4х100 метрийн буухиад 44.62 секундээр мөнгөн медаль, 4х400 метрийн буухиад хүрэл медаль хүртжээ.

 

Харин өмнөх амжилтыг харвал, 2022 онд МБАТ-ий XV наадмын 2 алт, 1 мөнгө, 2023 оны УАШТ-ээс 3 алт, 1 мөнгө, 2024 оны УАШТ-ээс 1 алт хүртэж байсан билээ.

 

Өнөөдрийн байдлаар спортын XVI наадмын амжилтыг оруулаад 8 алт, 3 мөнгө, 1 хүрэл нийт 12 медалийн эзэн болжээ.

.

Монголын бүх ард түмний зуны спортын наадмын зорилго нь биеийн тамир, спортыг орон нутагт хөгжүүлэх, иргэдийг спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, спортын дээд амжилтыг тогтоох, биеийн тамир, спортын хөдөлгөөнд олон нийтийг өргөнөөр хамруулан оролцуулах, олон улс, тив, дэлхийд тэмцээнд өрсөлдөх шилдэг тамирчдыг тодруулах ач холбогдолтой юм.



Энэ жилийн наадмын онцлог нь орон нутагт анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой. 

Related news