ӨМНӨГОВЬ: Монгол Улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит математикийн олимпиадаас гурван медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-01 16:14:27

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн баг Дундговь аймагт зохион байгуулсан Монгол Улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит математикийн XXIII олимпиадаас гурван медаль хүртжээ.


Олимпиадад Улаанбаатар, Дархан-Уул, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн 27 сургуулийн 570 гаруй суралцагч хамрагдлаа.

 

Тус олимпиадад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын  1, 2, 3, 5, 7 дугаар сургууль, Сэврэй сумын ЕБС, Гурвантэс сумын ЕБС-ийн багш, суралцагчдаас бүрдсэн 104 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцжээ.

 

Монгол Улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит математикийн олимпиадаас Даланзадгад сумын III сургуулийн XI ангийн суралцагч Э.Тэргэлсаран алтан медаль, Даланзадгад сумын II сургуулийн VI ангийн суралцагч Н.Түвшинбаяр Даланзадгад сумын V сургуулийн 5г ангийн суралцагч Ө.Мөнх-Од нар хүрэл медаль хүртжээ.

 

Харин Даланзадгад сумын нэгдүгээр сургуулийн VII ангийн суралцагч Э.Хүслэн Сэврэй сумын Ерөнхий боловсролын сургуулийн VIII ангийн суралцагч Б.Цэлмүүнцаг нар нэрэмжит шагнал тус тус хүртсэн байна.

 

Н.Өлзий багшийн нэрэмжит олимпиад нь оюун ухаан, авьяас чадварыг сорих, математикт дур сонирхолтой хүүхэд залуусыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилготой ба анх 1997 онд өөрийнх нь санаачилгаар Дундговь аймагтаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анхны сургуулийг байгуулсан нь энэхүү уламжлалт олимпиад эхлэх түүх болжээ. 

Related news