БАЯНХОНГОР: “Мал аж ахуй дээрээ яаж ажиллах тухай ардад өгөх сануулга сургаал” номыг дахин хэвлүүлж, залуу малчдад гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-02-03 08:47:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж, олон нийтийн төлөөлөлтэй уулзан төрийн хууль тогтоомжийн мэдээлэл өгч, санал солилцохын зэрэгцээ залуу малчдад “Мал аж ахуй дээрээ яаж ажиллах тухай ардад өгөх сануулга сургаал” номыг гардуулж байна.


Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, өвгөн судлаач Ж.Самбуу агсны 1944 онд хэвлүүлсэн тус ном нүүдлийн бэлчээрийн аж ахуйд түшиглэн бичсэн бөгөөд өнөөгийн Монгол орны хувийн мал аж ахуй эрхлэгчдэд одоо ч нийцтэй байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар анзаарч, зохиогчийн зээ Н.Тогтохын зөвшөөрлөөр залуу малчдад зориулан эхийг бэлтгэн хэвлүүлж малчдад хүргэж байгаа аж.


Тус номд Монгол орны хангай, хээр, говь, жилийн дөрвөн улирал, бэлчээр, усны зохицолдоо, ашиглалт, таван хошуу малын хариулга маллагаа, малын угсаа үүлдрийг сайжруулах, мал хээлтүүлэх, төл бойжуулах, малын сааль, сүү боловсруулах, ноос, ноолуур, арьс, ширийг ашиглах, өвөлжөө, бууц, хашаа хороогоо тохижуулах, мал эдэлж, ашиглах, малаа алдахаас сэргийлэх, чононоос хамгаалах, малын зарим өвчнийг таних, эмчлэх зэрэг зөвлөмж, сануулга багтжээ.



Энэхүү бүтээл нь 1944 оных боловч өдгөө агуулга нь цаг үеэ алдаагүй байх тул малчид, ялангуяа залуу малчдад чухал зөвлөмж болж байгааг хөдөөгийнхөн олзуурхаж байв. Малчин хүний өдөр тутмын мал маллагаанаас эхлээд ахуйн хэрэглээний анхаарах жижиг зүйлийг багтаасан тус ном залуу малчдад чухал гарын авлага болохыг хашир малчид ч хэлж байна.


УИХ-ын дарга Г.Занданшатар “Ард түмнээ сонсъё” аяны хүрээнд орон нутагт ажиллаж байна. Тэрбээр Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган завсарласан энэ үеэр иргэд, олон нийтийн төлөөлөлтэй уулзаж, ажлаа тайлагнахын зэрэгцээ тулгамдсан асуудлуудаар санал, мэдээлэл солилцохыг уриалсан. 


УИХ-ын дарга Баянхонгор аймгийн зарим суманд ажиллаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, төр засгийн бодлого чиглэл, үйл ажиллагааны талаар цаг үеийн мэдээлэл өгч байна. Тодруулбал, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан зарим хуулиуд, ард түмний мэдэх эрхийг хангах, хянан шалгах чиг үүргийн хүрээнд хийсэн ажлууд, Зөвлөлдөх санал асуулгын зарчим, ач холбогдол, Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл цогц хөтөлбөрийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулж байгаа юм.

Related news