ХӨВСГӨЛ: Дархад адууг үүлдэр болгох судалгааны ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-12-20 11:45:43

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Улаан-Уул, Ханх, Цагааннуур суманд Дархад омгийн адууны цөм сүргийг үржүүлж үүлдэр болгох судалгааны ажил хийж байна.

Тус омгийн адууг Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул сумын нутагт өсгөж үржүүлж, уналга, эдэлгээнд ашигласаар иржээ. Дархад адуу нь бие томтой, бахим богино хүзүүтэй, хэвлий, цээж томтой, шулуун урт биетэй, булчин махны хөгжил сайтай, арьс зузаан, алхаа гишгээ тайвуу, өтгөн дэл хөөвөртэй байдаг. Энэ адууны зүс ихэнхдээ цайвар, бүгээн учир нутагшлаар нь Дархад  адуу гэж нутгийнхан нэрлэсээр ирсэн байна.

Дархад адуу нь өндөр уулын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицох чадвар сайтай. Энэ омгийн адуу нь сүүний гарцаар бусад омгийн адуунаас илүү байдаг. Тухайлбал монгол адууны нэг удаагийн саам 350-500 мл бол дархад гүүнийх 500-800 мл байдаг байна.

Байгаль цаг уур, экологийн нөхцөл байдалтайгаа зохицон үсэн бүрхүүлийн ургалт эрт явагддаг. Өвөл 40-60 см зузаан цастай бэлчээрээс цас малтан идэш тэжээлээ олж иддэг онцлогтой. Дархад адуу нь өвөл, хаврын улиралд тарга хүчээ төдийлөн алдахгүйгээс гадна салхи шуургатай үед уруудах биш сөрж, уулын таг руу гарч зузаан цасыг хөлөөрөө малтан сүрэглэн идээшлэх, гадны халдлагаас биеэ хамгаалах чадвар хөгжсөн.

Зонхилох зүс нь цагаан бор бөгөөд хар сормуус бүхий бараан зовхитой байдаг нь цастай бэлчээрт идээшлэхэд нүд царгихаас хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байна.

 

 

Related news