Аялал жуулчлалд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-12-07 14:11:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлээд, аялж, амрах таатай нөхцөл бүрдүүлэхээр шат дараатай үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.


Тухайлбал, Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн, эрх зүйн орчин бүрдүүлэх, олон улсын нислэг, төмөр замын рейсийн болон улс хооронд зорчих автобусны тоог нэмж байна. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө олон улсын сэтгүүлчдийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа, Аялал жуулчлалын хуулийг хэлэлцэж, энэ салбарт чиглэсэн цогц, тусгай хөтөлбөр боловсруулж байна. Зочлох жилийн хүрээнд “Шинэ жилээр Монголд” жуулчдын хөтөлбөрийг 12 дугаар сарын 25-наас 1 дүгээр сарын 10-нд нийслэлд хэрэгжүүлэхээр бэлдэж байна” гэлээ. Тэрбээр энэ шинэ жилийн хөтөлбөрт дэлгүүр, худалдааны төвүүд, урлаг, соёлын зэрэг нийслэлийн олон үйлчилгээний байгууллага хөнгөлөлт, урамшуулал зарлан оролцож байгааг онцолжээ.


Хөтөлбөрт хамрагдаж буй газруудын үүдэнд таних тэмдэг бүхий нэгдсэн баннер, мэдээлэл байрлуулах бөгөөд жуулчид гадаад паспортоо үзүүлэн урамшууллаа эдлэх боломжтой аж

Related news