ӨМНӨГОВЬ: Ирэх онд хөгжлийн бэрхшээлтэй иргэд стандарт хангасан шинэ байртай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-05 16:33:57

Өмнөговь /МОНЦАМЭ/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Даланзадгад суманд “Бэрх биш-Ээлтэй Өмнөговь” нэгдсэн цугларалтыг зохион байгууллаа.


Тус өдөрлөгийг угтан Нийгмийн бодлогын хэлтсээс санаачлан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлтэй хамтран тус өдөрлөгийг зохион байгуулсан юм. ХБИ-ийн салбар зөвлөл хийсэн ажлаа тайлагнаж гишүүдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч ирэх онд хийх ажлыг хэлэлцэн төлөвлөжээ.  


Өмнөговь аймгийн хэмжээнд 2197 иргэн ХБИ-ийн Өмнөговь дахь холбоонд бүртгэлтэй байдаг. Энэ онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоо, нийгмийн хамгааллын үйл ажиллагааг орон нутгаас бодлогоор дэмжин ажиллаж, ТББ-уудын үйл ажиллагааг чадваржуулан төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх боломж нөхцлөөр хангаж, нийгмийн оролцоо, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор олон талт үр дүнтэй ажлуудыг санаачлан зохион байгуулж ажиллажээ. Тухайлбал "Залуус" хөтөлбөрөөрөө санхүүжүүлэн ХБИ-дэд "Хувийн туслах" үйлчилгээг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тус үйлчилгээг 2023 онд мөн үргэлжлүүлэн хүргэх юм.


Мөн “Энержи ресурс” ХХК хөгжлийн бэрхшээлтэй 30 гаруй иргэний нийгмийн даатгалыг төлж байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалдаг 40-н ээжийн нийгмийн даатгалыг ЗДТГ-аас 2 жилийн хугацаатайгаар төлж байгаа юм. Мөн Даланзадгад сумын ерөнхий боловсролын гурван сургуульд лифт буюу өргөгч механизмыг чанар стандартын дагуу хийж гүйцэтгэх төлөвлөгөөний дагуу 2 сургуульд бүрэн хийж дууссан бөгөөд үлдсэн 1 сургуульд гүйцэтгэл хийх ААНБ-ын сонгон шалгаруулалт одоогоор хийгдэж байгаа билээ. Харин 2023 онд аймгийн төсөвт 3.5 тэрбум төгрөг суулгаж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэргэжлийн чанар стандартад нийцсэн орчин цагийн "Жавхлант" төвийг барих таатай мэдээгээр эрхийг нь хамгаалах өдрөөр бэлэг барьжээ.

Энэ нь ХБИ болон эцэг эх, асран хамгаалагч, төрөл саданд нь таатай орчин нөхцөл бүрдэж байгаа юм. Тус төвөөс Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Ахмад настнууд өөрт хэрэгтэй цогц үйлчилгээгээ авах боломжийг бүрдүүлэн ажиллахаар төлөвлөжээ. Тухайн өдөрлөгийн үеэр ХБИ өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Related news