БАЯНХОНГОР: Мотоциклтэй холбоотой зам тээврийн 11 осол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-11-23 12:14:53

Баянхонгор /МОНЦАМЭ/. 2021 онд аймгийн хэмжээнд мотоциклтэй холбоотой зам тээврийн осол нийт 22 бүртгэгдсэнээс 5 иргэн нас барж, 13 иргэн бэртэж гэмтжээ. Харин 2022 оны эхний 10 сарын байдлаар мотоциклтэй холбоотой зам тээврийн осол 11 бүртгэгдэж, зургаан иргэн нас барж, 2 иргэн гэмтсэн байна.

Энэ төрлийн осол гэмтэл буурахгүй байгаатай холбогдуулан “Мотоциклээр замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглох тухай” аймгийн Засаг даргын захирамжаар 2023.03.01-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн хэмжээнд мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо.

Өвлийн улирал эхэлж, замын зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа гулгаа үүсэж, авто замын нөхцөл байдал хүндэрсэн үед мотоциклээр замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцохыг ийнхүү түр хориглов.


Тус захирамжид мөн, "Иргэд, тээврийн хэрэгсэл эзэмшигч нарт Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай анхааруулга, сэрэмжлуулэг өгч сурталчлах ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай хүргэж, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэн, үр дүн, явц байдлын талаар болон цаашид авах арга хэмжээний саналыг танилцуулж байхыг Цагдаагийн газрын дарга Цагдаагийн дэд хурандаа (3.Баянжаргал)-д үүрэг болгосугай" гэжээ.

Related news