БАЯН-ӨЛГИЙ: Бэлтгэсэн сурагч нь ЭЕШ-аас өндөр оноо авсан багш нарыг урамшуулав

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-27 10:16:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол 2021-2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтаас бэлтгэсэн сурагч нь 750-аас дээш оноо авсан багш нарт мөнгөн урамшууллын батламж гардууллаа.  


Аймгийн ИТХ-аас 2021 онд баталсан “Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр-2”-ийн хүрээнд ЭЕШ-аас 750-аас дээш оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарт мөнгөн урамшуулал олгохоор журамласан.


Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтаар тус аймгийн 44 сурагч 750-799 оноо, 9 хүүхэд 800 оноо авсан. Журамд зааснаар бэлтгэсэн хүүхэд нь 750-аас дээш оноос авсан багшид 300 мянган төгрөг, 800 оноо авсан тохиолдолд 500 мянган төгрөгийг хүүхэд бүрээр тооцож олгодог.


Үүний дагуу энэ удаад 25 багшид 32,9 сая төгрөгийн урамшуулал олгохоор болж, батламжийг нь гардуулж өгөв.

Түүнчлэн ЭЕШ-ын ерөнхий дүнгээр тус аймгийн ерөнхий боловсролын Эмпати, Дарын, Бастама, Заид зэрэг сургуулиуд улсын дунджаас дээгүүр амжилт үзүүлсэн тул тус бүр 1 сая төгрөгөөр шагналаа. Төрийн өмчийн сургуулиудаас Толбо сумын ерөнхий боловсролын сургууль амжилтаа өмнөх 5 жилийн дунджаас 84.5 оноогоор ахиулсан тул мөн 1 сая төгрөгөөр урамшуулав. 

Related news