МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-01-14 13:14:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилов.


МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлж буйг танилцууллаа. Д.Жавзандорж багш мэргэжилтэй бөгөөд түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн бол Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшсэн байна.


Төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн соёл урлагийн салбарт олон жил ажилласан, нийгмийг соён гэгээрүүлэхэд манлайлан ажилладаг хүмүүс нэр дэвшиж байгаа тул дэмжиж буйгээ илэрхийллээ. Мөн тэрбээр, цаашид хараат бус томилгоо хийх шаардлагатай байгааг онцлоод МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар томилдог нь буруу гэсэн юм. УИХ-аар баталсан хуулиар ХЭҮК-оос эхлээд зарим байгууллагын томилгоог сонгон шалгаруулалтаар томилдог болсон жишиг рүү орох ётой гэсэн байр суурь илэрхийллээ.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, “УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль удахгүй хэрэгжиж эхлэнэ. Энэ хууль хэрэгжсэнээр УИХ-ын бүх томилгоонд Томилгооны сонсгол хийдэг болно” гэв.


Ийнхүү санал хураахад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарыг чөлөөлж, Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


 МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Жавзандорж:

-1998-2012 он хүртэл Энэтхэг улсын буддын шашны Гомон гүн ухааны их сургуулийг төгссөн.

-2012-2019 он хүртэл дээрх сургуульд багшилсан.

-2020 оноос Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашинтны дээд сургуулийн сургалтын албанд одоог хүртэл багшилж байна.


 МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Н.Онон:

-1987-1991 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн,

-1991-2000 он хүртэл Драмын улсын эрдмийн театрт жүжигчин,

-1999-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн,

-1996 оноос одоог хүртэл "Х-ТҮЦ" уран бүтээлийн нэгдлийн захирал,

-2020 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Related news