Өнгөрөгч онд 1267 кг алт хайлж, гулдмайлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баруун бүсийн тулгуур төв болох Баянхонгор аймагт сорьц тогтоох лаборатори 2021 онд 1267 кг алт хайлж, гулдмайлан, сорьц тогтоох шинжилгээг хийжээ.
Баянхонгор аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлээд гурван жил гаруй болж буй. Тус лаборатори 2018 онд 88 кг, 2019 онд 657кг, 2020 онд 1229кг алт хайлж, гулдмайлан, сорьц тогтоож байсан байна.
Үнэт металлын сорьц тогтоох лаборатори нь Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газрын Баянхонгор аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг. Лаборатори нь Монгол Улсын “Эрдэнэсийн сангийн тухай”, “Ашигт малтмалын тухай” хууль тогтоомж, Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор хүлээсэн чиг үүргийг сурталчлах, хүргэх, сорьцын баталгаат байдлыг хууль тогтоомжийн хүрээнд хангуулан ажиллаж байна.
Сонирхуулахад, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл болон Стандарт, хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газартай хамтран Сорьцын лабораторийн үйл ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 18-нд эхлүүлж байжээ.