“Говь” үйлдвэрийн нээлтийг МОНЦАМЭ анхлан сурвалжилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-12-31 19:34:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд тохиож буй МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойн түүхэн үйл явдлыг сөхвөл, тус агентлаг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас “Говь” үйлдвэрийн нээлтийг анхлан сурвалжилж байв. Энэ талаар анхны сурвалжлагчаар очиж байсан ахмад сэтгүүлч Г.Далантайгаас тодруулав.

Тэрээр монголчуудын хэлж ярьж заншсанаар “Говь” комбинатын нээлт 1981 онд болж Монголын хэвлэл мэдээллийн байгууллагаас МОНЦАМЭ агентлаг болон “Үнэн” сонины гэсэн хоёрхон байгууллагаас сурвалжлагч очиж анхлан сурвалжилж байсныг дурсаж байв. Сурвалжлах үүргийг тэрээр Мэдээлэл, радио, телевизийн Улсын хорооны дарга С.Жалан-Аажаваас авч байжээ.




Тэрээр цааш нь дурсан ярихдаа, “Тухайн үед манай МОНЦАМЭ агентлагийн гадаад, дотоод мэдээний алба цуг, нэг даргатай байсан юм. Үйлдвэр дээр очоод төрсөн сэтгэгдэл гэвэл, том үйлдвэр дуу чимээ нь нүргэж байх юм гэж бодсон чинь чимээ, шуугиангүй, тоног төхөөрөмж нь нүргээнгүй, бараг хөгжим дуугарч байгаа юм шиг санагдаж байсан. Хуучин бид Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны харьяа ноосны үйлдвэрийн нэгдэл, арьс ширний үйлдвэрийн нэгдэл гэж 20 гаруй үйлдвэрийг хариуцан сурвалжилдаг, бидэнд хуваарилаад өгдөг байсан юм. Нэг ёсондоо хариуцсан салбар маань байлаа. Жишээ нь, Гутлын үйлдвэрээр ороход ажилчид нь хоорондоо бараг хашхирах шахуу ярьдаг, тийм дуу чимээтэй байв. Үйлдвэр гэхээр нь тэр нь шигээ санахгүй юу. Тэгсэн “Говь” үйлдвэр нам жим, чимээгүй, аятайхан санагдсан. Нэхэх цехэд нь ороход цэв цэмцгэр, цэлийсэн харагдсан.




Тэгээд дарга нар үйлдвэрийг нээж, би мэдээлж байлаа. Тэр үед Япон улсаас манайд “Өвсний үндэс” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байсан үе. Түүнийг нь би бас хариуцан мэдээлдэг байсан юм. Тэгээд бас намайг явуулсан хэрэг. Тэр үед манай мэдээний редакцийн ахлах редактороор Дэмбэрэл, хариуцлагатай редактороор Б.Зоригт нар ажиллаж байлаа. Бид мэдээгээ бичгийн машинаар цохьдог, мэдээгээ 3 хувь болгон нэгийг нь ахлах редактортоо өгдөг, бас нэг хувийг телевизийн гэсэн нэг хавтаст хийдэг байлаа. Ахлах редакторт өгсөн хувийг манай гадаад мэдээнийхэн аваад цааш нь орчуулж мэдээлдэг байсан юм. Мэдээлэл, радио, телевизийн Улсын хороонд МОНЦАМЭ, радио, телевиз харьяалагддаг байсан учир бидний мэдээ телевизээр бас явдаг байлаа. Телевизээр явуулсан мэдээний шагнал гэж бас бидэнд өгдөг байсан” гэв.

Мэдээгээ товчхон, “цагаан” мэдээ буюу яриа хөөрөөний бичлэггүй хийж байснаа тэрээр дурсаж байна. “Биднийг тэр үед хуучин ЗХУ-ын мэдээллийн ТАСС агентлагийн жишээгээр мэдээ товч бичиж мэдээлэхийг сургаж байлаа. Тэр үед МОНЦАМЭ-гийн мэдээ радиогоор 2 цаг тутамд явдаг, бид чинь мэдээгээ авчихаад бушуухан редакц руу буцдаг байсан” гэв.



Ахмад сэтгүүлч Г.Далантай анх радиогийн Суртлын редакцад ажиллаж нэвтрүүлэг хийдэг байв. Тэгээд дараа нь МОНЦАМЭ агентлагт ирж, 20-иод жил ажиллаж байгаад “Үнэн” сонинд, эргээд Монголын радиод ажиллаж байгаад 2002 онд тэтгэвэртээ гарчээ. “МОНЦАМЭ, радио, телевиз бүгд нэг харьяа байгууллага байсан учир боловсон хүчний даргаар ажиллаж байсан Ёндонсамбуу намайг радиогийн суртлын редакцаас МОНЦАМЭ-гийн мэдээний албанд томилж байлаа. Нэг харьяа байгууллага гээд тушаал шийдвэр гардаг ч үгүй байлаа. Тэгээд МОНЦАМЭ сүүлд бие даасан юм” гэв.

Г.Далантай сэтгүүлч Анагаах ухааны дунд сургуулийг 1965 онд, мөн дараа нь Багшийн дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ангийг төгссөн, бага эмчийн болон утга зохиол, сэтгүүлчийн хос мэргэжилтэй юм. Ажлын гараагаа Сэлэнгэ аймагт сумын бага эмчээр эхлүүлж байжээ. Багаасаа шүлэг бичдэг, сонинд хэвлүүлдэг, хэвлэлтэй ойр явснаа дурсан ярьж байна. Тэрээр сэтгүүлчийн ажлынхаа хажуугаар Улсын наадмын комисст ажиллан 30 гаруй жил улсын наадмын хурдан морины цол дуудаж ирсэн Утга төгөлдөр, яруу эгшиглэнт Улсын цолтон өргөмжлөлийг хүртэж байжээ. Сүүлд тэрээр мөн Шашны дээд сургуульд суралцан зурхайч лам болжээ.

 


Тодруулга: “Говь” үйлдвэрийн түүхэн товчоог дурдвал,

  • анх 1976 онд UNIDO-ийн төслийн хүрээнд ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах туршилтын үйлдвэр ашиглалтад орж байв.
  • 1977 оны 3 дугаар сарын 17-нд Японы Засгийн газар БНМАУ-ын Засгийн газарт 5 тэрбум иений буцалтгүй хөрөнгө олгож, "Говь" үйлдвэр байгуулах Монгол-Японы Засгийн газрын хэлэлцээр байгуулав.
  • 1977.12 дугаар сарын 15-нд Японы компаниудад явуулсан ноолуур, ноосны туршилтад оролцох, техник технологи судлах, үйлдвэр байгуулах компанийг сонгох ажлаар Ноосны Үйлдвэрийн нэгдлийн ерөнхий инженер Г.Дүгэрсүрэн /агсан/, Б.Ёндонжамц, П.Дамдинжав, А.Зумаа нар нэг сар Япон улсад ажилласан.
  • 1978 оны 8 дугаар сарын 25-нд “Говь үйлдвэрийн барилгын шавыг тавьсан.
  • 1981 оны 8 дугаар сард үйлдвэрийн барилгын ажил бүрэн дуусав.
  • 1979-1981-нд комбинатын угсралт, тохируулгын үйлдвэрлэлийн дадлага хийлгэх 78 инженер техникийн ажилтныг 3 сарын хугацаагаар Японд суралцуулав.
  • 1981 оны 9 дүгээр сарын 5-нд үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн угсралт, тохируулгын ажлыг гүйцэтгэн, технологийн шугамыг ашиглалтад хүлээн авч, Монгол-Японы хамтын ажиллагааны хүрээнд анхны байгууламж "Говь" үйлдвэр үүд хаалгаа анх нээсэн түүхтэй.

Улс орны бүтээн байгуулалт, аж үйлдвэржилтийн түүхийг бичилцэж ирсэн МОНЦАМЭ дээрх түүхэн үйл явдалд оролцож, тус агентлагийн сэтгүүлч Г.Далантай сурвалжилж байлаа.

 

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news