Жендэрийн салбар хороо хуралдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний болон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа, салбар хорооны энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хагас жилийн биелэлт үр дүн, анхаарах зарим асуудлаар салбар хороо хуралдлаа. Тайлан мэдээллийг Жендэрийн салбар хорооны нарийн бичгийн дарга В.Наранчимэг тавьж хэлэлцүүлэв.
Тус хуралд тавигдсан тайлантай холбогдуулан салбар хорооны дарга Д.Мөнхсайхан “Жаргалтай амьдрал” төвийн үйл ажиллагаа бол жендэртэй холбогдох томоохон асуудлыг эерэгээр шийдвэрлэхийн төлөөх ажил болохыг онцлоод, тус төвтэй нягт хамтран ажиллах шаардлага байгааг сануулсан. Аймгийн Жендэрийн салбар хороо иргэдийг архи хэмээх хорт зуршлаас холдуулж, айл гэр бүлийг архинаас үйлдэлтэй аливаа хүчирхийллээс ангижруулах, архинд донтсон иргэдийг архинаас гаргах эл үйл явцыг дэмжиж, хамтран ажиллавал үр дүн илүү байхыг тэрээр мөн дурдсан.
Жендэрийн салбар хорооны шинэ бүрэлдэхүүний анхны хуралдаан дээр салбар хорооны нарийн бичгийн дарга В.Наранчимэгийн тавьсан тайлан, төлөвлөгөөний биелэлтээс авч үзвэл 100 хувь биелэгдсэн нэг, 70 хувьтай хоёр, 30 хувьтай дөрөв, тайлан ирээгүй хоёр, хугацаа болоогүй дөрвөн ажил байгаа нь улирлын ажлын төлөвлөгөөний биелэлт дунджаар 40 хувьтай байгаа аж.
Мөн үндэсний болон дэд хөтөлбөрийн зорилгын хүрээнд нийт 18 ажил төлөвлөгдсөнөөс хугацаа нь болоогүй хоёр, биелэлтийн дундаж хувь 21.8 хувь байв.
