Соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, сурталчлахад анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Соёл судлаач, доктор С.Юндэнбат аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай уулзаж, “Монголын нүүдэлчдийн соёлын биет бус өв” болон “Хонгор нутгийн дуулал” номыг гардууллаа. Доктор С.Юндэнбат сүүлийн 20 гаруй жил Монголын биет бус соёлын төлөө ажиллах хугацаандаа бичсэн эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллээ эмхэтгэж энэхүү бүтээлээ хэвлүүлсэн байна.
Тэрээр өөрийн хүү, ШУТИС-ийн БУХС-ийн дэд профессор, доктор Ю.Болдбаатарын хамт Соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, аялал жуулчлалын бодлогод хэрхэн тусгаж ажиллах талаар орон нутгийнханд зөвлөн туслах зорилгоор Баянхонгор аймгийн түүх дурсгалт газраар яваад ирсэн аж.
Засаг дарга Д.Мөнхсайхан соёлын биет болоод биет бус өвийг хайрлах, хамгаалах, олонд зөв сурталчлах талаар зөвлөгөө мэдээлэл авч, бодлого чиглэлдээ тусгаж ажиллана гэдгээ илэрхийлэв.
Доктор С.Юндэнбат нь Соёлын биет бус өвийг хамгаалах үйлсэд олон жилийн хөдөлмөр бүтээлээ зориулсан, уг өвийг бүртгэн баримтжуулах, хадгалж хамгаалах, судлан, сурталчлах, мартагдсан төрөл зүйлийг сэргээх, хойч үед өвлүүлэх, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх олон талт өргөн хүрээний ажлыг хийж гүйцэтгэж иржээ.