Баянзүрх дүүрэг бүтээлч залуусаа дэмжиж “Share Center” байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-04 16:35:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар дүүргийнхээ бүтээлч залуусыг дэмжих зорилгоор Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн дэргэд SHARE CENTER буюу “Дундын оффис”-ыг Баянзүрх дүүргийн Тамгын газар дээр байгуулжээ.  


Тус дүүргийн Тамгын газар урьд нь агуулахын зориулалтаар ашиглаж байсан хэсгийг нийслэл, дүүргээс сонгогдсон төлөөлөгчдийн дэмжлэгээр сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож, шинээр бизнес эхлүүлж буй залууст зориулсан хурлын танхим, өндөр хурдны интернет бүхий уулзалтын танхим, номын сантай SHARE CENTER буюу “Дундын оффис” болгон тохижуулжээ.


Тус оффис дүүргээ хөгжүүлэх шинэ санаачлага гаргаж буй залууст нээлттэй юм. Залуус төслөө Баянзүрх дүүргийн Тамгын газарт ирүүлснээр 14 хоног тутамд төслийг шалгаруулж, шалгарсан төслийг дүүрэг дэмжин хэрэгжүүлэх юм. Энд залуус сургалт, эвэнт зохион байгуулах бүрэн боломжтой.


Офиссын нээлтийн үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Дүүргийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулах шинэ залуу үеийн санал, санаачлагыг дэмжиж зорилготойгоор энэхүү төвийг тохижуулан үйл ажиллагааг нь эхлүүлж байна. Шинэ ололт, бүтээлч санаачлагуудыг дүүргийн зүгээс бүх талаар дэмжих болно” хэмээн онцлов.


Related news