Бөхчүүд нутгийнхаа галд бэлтгэлээ базааж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгорын бөхчүүд энэ сарын 13-нд Төв аймгийн Цонжинболдогийн ойролцоох Боорчийн өртөө амралтын газарт галдаа төвлөрчээ. Галыг Монгол Улсын харцага Б.Батболд удирдаж гарсан бөгөөд улсын цолонд ойрхон яваа аймгийн хурц арслан Э.Эрдэнэхүү, аймгийн арслан Б.Золбоо, Б.Бат-Амгалан, цэргийн шинэхэн арслан Д.Цэрэнтогтох, аймгийн заан Г.Батцэнгэл, аймгийн начин Г.Жамбалдорж нарын бөх нэгджээ.
Мөн Хонгор нутгийн бөхчүүдийн манлай Монгол Улсын начин Ж.Чулуунбат "Рио 2016” олимпын наадамд өрсөлдөх учир чөлөөтийн бэлтгэлээ чамбайруулсаар байгаа. Түүнийг Бразилийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулна гэдэгт бөх сонирхогчид найдвар тавьж буй.
Сонирхуулахад, Хонгор нутгийн бөхчүүд наадмын өнгийг нэн түрүүнд тодорхойлоод амжсан. Угтаа 2016 оны "Бүх цэрэг”-ын баяр наадамд Баянхонгор аймгийн Заг сумын харьяат Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны тамирчин их аварга Дашдоржийн Цэрэнтогтохтой овог нэр ижил цэргийн начин Дашдоржийн Цэрэнтогтох 256 бөхийн манлай нь болж, цэргийн арслан цол хүртсэн билээ. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд бөхийн өргөөнөө болсон “Чингэлтэй хайрханы хишиг” улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн арслан Б.Золбоо үзүүрлэсэн. Үндэсний их баяр наадмаар шинэ цолтон төрөх бололцоотой гэдгийг Их богд дэвжээнийхэн ийнхүү батлан харуулаад байна.
Б.Мөнхзул