“Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлыг 7 дугаар сарын 4-нд нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад нисэх хүчин үүсэж, хөгжсөний түүхт 96 жилийн ой, Агаарын тээвэрчдийн өдөр тохиож байна. Энэ өдөр ЗТХ-ийн сайд Л.Халтар иргэний нисэхийн салбарын үе үеийн ахмад буурлууд, нийт ажилтан, албан хаагчид мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр мэндчилгээндээ, Засгийн газраас иргэний нисэхийн салбарын эрх зүйн шинэчлэлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чикагогийн конвенцын хавсралт баримт бичгийн стандарт шаардлагад нийцүүлэн “Иргэний нисэхийн аюулгүй байдлын хөтөлбөр”, “Агаарын тээврийг хялбаршуулах хөтөлбөр”-ийг шинэчлэн Засгийн газрын 2021 оны 136, 137 дугаар тогтоолоор батлуулсныг онцлов.
Дэлхийн Худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орсны дагуу Гаалийн тариф, гаалийн татварын болон НӨАТ-ын хуульд иргэний агаарын хөлгийг татвараас чөлөөлүүлэх зохицуулалтыг бүрдүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, ЗТХЯ иргэний нисэхийн салбарын хөгжлийг дэмжих, эрх зүйн зохицуулалтын шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд байгааг мэдэгдэв.
Тэрээр мэндчилгээндээ, Нисэх хүчин үүсэж хөгжсөний 96 жилийн ой, агаарын тээврийн “МИАТ” компани байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад агаарын тээврийг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж “МИАТ” компанийг төрийн өндөр дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг тэмдэглэн дурдав.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас нисэхийн салбарт шинэ сорил тулгарч байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газраас "COVID-19" цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа гадаад улс орноос иргэдээ татан авч ирэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин тээвэрлэх нислэгийг амжилттай зохион байгуулж, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна гэв. Мөн түүхэн аялал жуучлалын бүс нутаг Хэнтий аймгийн Өндөрхаан, Дадал сумын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлыг энэ оны 7 дугаар сарын 4-нд нээж, үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаад байгааг мэдэгдэв.