Залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд МЗХ-той хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-21 16:20:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од нар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.


Энэ нь залуусын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, есөн дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, МЗХ-ны салбар хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд ач холбогдолтой юм.


Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Санамж бичгийн хүрээнд залууст тэгш боломж олгох, тэдний сурч, хөгжих, бизнесээ хийх таатай орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллана. Цар тахлын улмаас гацсан, хүндрэл бэрхшээлийг шийдэх, ашиг, орлогоо нэмэх, зах зээлээ тэлэх бүх боломжийг төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдээр дэмжинэ. Хөгжлийн бэрхшээлтэй, ямар нэг шалтгаанаас үеийнхэнтэйгээ мөр зэрэгцэн алхахад хүндрэлтэй болсон залуусыг олон үйл ажиллагаанд оролцуулна. Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон хөтөлбөр батлагдсан. Эдгээрийг хамтран хэрэгжүүлж үр дүнд хүрнэ” хэмээв.  


МЗХ-ны дэргэдэх Хөдөлмөрийн биржээр дамжуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зуучлах, IZALUU төслийг дэмжих, Төв Азид анхлан байгуулагдсан залуучуудын байгууллагын 100 жилийн ойн үйл ажиллагааг дэмжих гэх мэт олон талт үйл ажиллагаанд хамтрахаар ажлын хэсэг ажилдаа оржээ.                                      

Related news