Гадаадын агаарын тээвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс руу хуваарьт нислэг үйлддэг гадаадын агаарын тээвэрлэгчид болох “Кореан Эйр”, “Эйр Бусан”, “Ашиана Эйрлайнс” “Туркиш Эйрлайнс”, “Эйр Чайна” “Аэрофлот” компанийн төлөөлөгчийн газрын удирдлагуудтай өчигдөр уулзалт зохион байгуулав.
Засгийн газрын 2020 оны 134 дүгээр тогтоолоор “Чингис Хаан” ОУНБ-ын үйл ажиллагааг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нээх шийдвэр гаргасан.
Тус шийдвэртэй холбогдуулан “Чингис
хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг
хангах нэгдсэн төлөвлөгөөг Зам, тээврийн хөгжлийн сайд баталсан бөгөөд тус
нүүлгэн шилжүүлэлтийн Ажлын хэсгийн ахлагч ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом уг
уулзалтыг хийсэн юм.
Уулзалтаар “Чингис хаан” олон улсын шинэ
нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөө,
иргэний нисэхийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, зуны нислэгийн цагийн хуваарь
болон Агаарын замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг үе
шаттайгаар эхлүүлэх бэлтгэл ажилтай холбоотой мэдээлэл өгч санал солилцжээ.
ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом, дэлхий
дахинд тархаад байгаа “Ковид-19” цар тахлын хүнд үед бүх талын дэмжлэг үзүүлэн
хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, цар тахлын нөхцөл байдал иргэний
нисэхийн салбарт хэрхэн нөлөөлсөн талаарх товч мэдээлэл өглөө.
2020 онд олон улсын нислэгийн тоо 86 хувь, орон нутгийн нислэгийн тоо 34 хувь, нийт нислэг 74 хувиар, өнгөрөлтийн нислэгийн тоо 2019 онтой харьцуулахад 2020 онд 47 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгааг дурдав. Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг барих болсон шалтгаан болон тус нисэх буудлын зорчигч хүлээн авах, ачаа боловсруулах хүчин чадал, хоолойны тоо, гал унтраах зэрэглэл, перроны гадаргуу ба даац, хөөрч буух зурвасын урт, зорчигч үйлчилгээний цогцолборын талбай, автомашины зогсоол зэрэг бүх үзүүлэлтээр “Буянт-Ухаа” ОУНБ-аас сайжирсан талаарх харьцуулсан тоон мэдээллийг өглөө.
ЗТХЯ, төрийн тусгай чиг үүрэг бүхий
байгууллагууд, ИНЕГ, дотоодын агаарын тээвэрлэгчид, “Нью Улаанбаатар
Интернэйшнл Эйрпорт” ХХК зэрэг 21 байгууллага хамтран боловсруулж, ЗТХ-ийн
сайдаар батлуулсан “Чингис хаан” ОУНБ-ын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг
хангах нэгдсэн төлөвлөгөөний дагуу 6 дугаар сарын 1-ний өдрөөс нисэх
буудлыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотойгоор Шуурхай командын штаб
байгуулагдах тухай, “Коронавируст халдварын цар тахлын үед хилийн боомтоор
зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх журам”, “Олон
улсын зорчигч, ачаа тээврийн нислэгийн үед хэрэгжүүлэх халдвараас сэргийлэх
хариу арга хэмжээний заавар”-ыг боловсруулан батлуулахаар ажиллаж байгаа талаар
мэдээлэл өгөв.
Түүнчлэн ИНЕГ-ын Цагийн хуваарийн
зөвлөлд “НУБИЭ” ХХК-ийн төлөөлөл шинээр орж байгаа бөгөөд тус зөвлөлийн хурал
Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан 2021 оны зуны цагийн
хуваарийг 7 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 30 хүртэл байхаар шинэчлэн батлах юм. Гэхдээ олон жил нислэг үйлдэж байгаа
гадаадын агаарын тээвэрлэгчдийн түүхэн цагийн хуваарийг хадгалах зарчмыг
баримталж ажиллахаа ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом мэдэгдээд агаарын
тээвэрлэгчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Тус уулзалтын үеэр гадаадын агаарын
тээвэрлэгчид “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг
эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөний дагуу бүх талын дэмжлэг
үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлж шинэ нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлтийн
ажилд амжилт хүсэв.
Уулзалтын төгсөлд ИНЕГ-ын Дэд дарга, хамтран ажилладаг гадаадын агаарын тээвэрлэгчдэд дахин талархал илэрхийлээд Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг эхлүүлснээр үзүүлэх үйлчилгээ чанар хүртээмж сайжрахыг онцлон шинэ нисэх буудал руу нислэг шилжүүлэхэд шаардлагатай бүхий л хамтын ажиллагааг эрчимжүүлж ажиллахаа мэдэгдлээ.