Хүнсний талоны картыг пин коджуулах ажил 79 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-19 15:40:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг 42.2 мянган өрхөөс одоогоор 33.5 мянга буюу нийт өрхийн 79 хувийнх нь картыг пин коджуулаад байна.


ХНХЯ, Төрийн банк хамтран энэ сардаа багтаж тус үйлчилгээнд хамрагддаг бүх өрхөө 100 хувь пин коджуулж дуусгах аж. Төрийн банк хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг иргэдийн цахим картын хөгжүүлэлтийг хийж, хүнсний талоны картыг пин коджуулж байгаа.


Ингэснээр иргэн гэрээт буюу тендерт ялсан 800 орчим дэлгүүрээр тус үйлчилгээг авдаг байсан бол НӨАТ-ын баримт олгодог 235 мянга орчим ААН, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжтой болно. Мөн цаасан тайлан, хүнд суртал үгүй болж хяналт, дата судалгаа, тайлан цахим хэлбэрт шилжиж, шийдвэр гаргах түвшинд дата мэдээлэлд суурилсан оновчтой шийдлүүд бий болно.


Түүнчлэн, 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг бар коджуулсан нь улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүнийг бар коджуулах ажлын эхлэл болж буйгаа онцлог гэдгийг ХНХЯ мэдээлэв. Шинэчлэлийг ХНХЯ, Гааль татвар санхүү мэдээлэл, технологийн төв, Төрийн банк, ҮСХ, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо, ЖиЭс1Монгол ТББ зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа аж. 

Related news