Агаараар тээвэрлэсэн ачаа 178.2 тонноор багасжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаараар энэ оны эхний 4 сард 995.9 тонн ачаа тээвэрлэсэн нь ноднингийн мөн үеийнхээс 178.2 (15.2 хувь) тонноор багассан дүн аж.
Агаараар дээрх хугацаанд дотоодод 2.2 (0.2 хувь) тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 27.6 (92.7 хувь) тонноор, олон улсад тээсэн ачаа 993.7 (99.8 хувь) тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 150.5 (13.2 хувь) тонноор багассан байна.
Агаараар тээвэрлэсэн ачаа өнгөрсөн сард 215.5 тонн болж, өмнөх сарынхаас 48.8 (18.5 хувь) тонноор багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн, агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний 4 сард 32.7 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 209.2 (86.5 хувь) мянган хүнээр цөөрчээ. Агаарын тээврээр зорчигчид дөрөвдүгээр сард 7.6 мянга болж, өмнөх сарынхаас гурван (28.1 хувь) мянган хүнээр багаслаа.
Агаарын тээврээр орон нутагт зорчигчид энэ оны эхний 4 сард 22.7 (69.2 хувь) мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 86.8 (79.3 хувь) мянган хүнээр багассан аж. Үүнд Улиастай чиглэлийн зорчигч 97.3, Ховд чиглэлийн зорчигч 96.1, Мөрөн чиглэлийн зорчигч 94.9 хувиар багассан нь нөлөөлжээ.
Агаарын тээврээр олон улсад зорчигчид 2021 оны эхний 4 сард 10.1 (30.8 хувь) мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 122.4 (92.4 хувь) мянган хүнээр багасав. Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого мөн хугацаанд 29.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 29.1 (49.5 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 2021 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 1.1 (14.7 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, 6.6 тэрбум төгрөг болжээ.