“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний чуулган цахимаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-03 19:33:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр МСНЭ-ээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран уламжлалт “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өнөөдөр цахимаар зохион байгуулав.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хараат бус сэтгүүл зүй“ форумын үйл ажиллагаанд амжилт хүсэж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан нийт сэтгүүлчдэд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр, хараат бус хэвлэлийг дэмжин ажиллахаа илэрхийлж, хүнд хэцүү цаг үед мэргэжлийн үүргээсээ няцахгүй ажиллаж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарынханд талархал илэрхийлсэн юм.




МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа “Цар тахлын цаг үе ба сэтгүүл зүй” үндсэн илтгэлийг танилцуулж, цар тахлын дараах сэтгүүл зүйд бий болсон өөрчлөлт, хэвлэлийн эрх, эрх чөлөөнд учирч буй эрсдэлийн талаар хөндлөө. Цар тахлын эсрэг хуулиар хэвлэл мэдээллийн салбар УОК болон эрх бүхий байгууллагуудын шуурхай мэдээлэл, зөвлөмжийг үнэ төлбөргүй, саадгүй, баттай эх сурвалжаас дамжуулах үүрэг хүлээсний зэрэгцээ сошиал олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээлэл түгээх тохиолдолд хариуцлага хүлээх зохицуулалт дор ажиллаж байна. Хуулийн хэрэгжилтийг хянах чиг үүрэг бүхий байгууллагуудаас авсан мэдээллээр бол сэтгүүлч, редакц, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах зөрчил, гомдол энэ хугацаанд огт бүртгэгдээгүй байна.



Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд холбогдох хуулийг мөрдөн цар тахлын үед тасралтгүй ажиллаж байгаа ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалсан санхүүгийн хямралд орж эхэлсэн. “Мэдээ-нийтийн сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэж байгаа энэ өдрөөр ЮНЕСКО-гоос гаргасан уриалгад хэвлэл мэдээлэлд дэмжлэг үзүүлэх алхмууд чухал байгааг дурдаад буй. Мөн сэтгүүл зүй нийтийн сайн сайхны төлөөх үйлс юм гэдгийг ухааран үнэлэх, хамгаалах, шаардахыг уриалсан байна. Энэ дэлхийн бүх улс оронд хамаарах, хойшлуулшгүй уриа дуудлага гэж үзэж байгаа юм.  Цар тахлын үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжаар дутагдаж, ижил төстэй мэдээлэлтэй болж байгаа, тэр дунд албаны мэдээ голлох болсон талаар З.Боргилмаа илтгэлдээ хөндлөө. Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулах талаар МСНЭ-ээс хийж буй ажил, байр суурийн талаар сэтгүүлчдийн асуултад мөн хариулт өглөө.


Сэтгүүл зүйн доктор С.Энхцэцэг “Эрсдэлийн харилцаа ба иргэдийн оролцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, цар тахлын үед шийдвэр гаргаж ажиллаж буй эрх бүхий байгууллагууд иргэдийн дуу хоолойг сонсож байж төлөвлөлт, менежмент хийх нь чухал болохыг дэлхийн улс орнуудын туршлагад тулгуурлан ярилаа. Төр ба иргэдийн харилцан нэгнээ сонсох, хүлээн зөвшөөрөх, харилцан итгэлцэх, хамтран ажиллах үйл явцад хамгийн чухал үүрэгтэй оролцогч нь хэвлэл мэдээлэл байдаг. Төр, иргэн, хэвлэл мэдээлэл гэсэн 3 талт харилцааг эрсдэлийн удирдлагын үед хэрхэн яаж нийтийн эрх ашгийн төлөө  оновчтой ажиллуулах вэ гэдэг талаар хөндөн ярьсан юм.

Related news