Хүүхэд хүчирхийлэлд өртөж болзошгүй тохиолдолд мэдээлэх үүргээ биелүүлэхийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн хурал өнөөдөр цахимаар болов.
Хурлыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагч Д.Сумъяабазар үг хэлэхдээ, “Хүүхэд, залуусыг хамгаална гэдэг нь ирээдүйн Монгол Улсыг хамгаалж
буй үйл хэрэг. Судалгаагаар, нийслэлийн хэмжээнд 25,5 мянган иргэн гэмт хэрэгт өртөж
хохирсны 729 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ. Үүний 90,7
хувь нь эмэгтэйчүүд, 7,1 хувь
нь хүүхэд байгаа нь биднийг илүү хянамгай ажиллахыг шаардаж байна” хэмээлээ.
Мөн 2021-2025 онд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчлэх Нэг цэгийн үйлчилгээний төв,
Гэр бүлийн боловсролын онол арга зүйн төв, Залуучуудын хөгжлийн жишиг төвийн
үйлчилгээг иргэдэд ойртуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэхийн зэрэгцээ гэр бүлийн
хүчирхийллийн хохирогчдын тоог хоёр дахин багасгах зорилготойг тэрбээр онцолсон юм.
Улаанбаатар хотод 0-18 насны 526.2 мянган хүүхэд, 443.6 мянган залуус, 4.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, 16.8 мянган өрх толгойлсон эмэгтэй амьдардаг аж. Хүүхэд хамгааллын үйл хэрэгт хүүхдийн өмнө үүрэг хүлээгч, иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уриалга гаргажээ.
Эцэг эх, олон
нийт, иргэдэд:
Амьдарч буй орчиндоо хүүхдэд аюул учруулж болохуйц эрсдэлт
хүчин зүйл байгаа эсэхийг хянах, холбогдох байгууллагад нь мэдээлэх, шаардлага
тавихыг;
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй, ахуйн осол
гэмтэлд өртөх, амь нас нь эрсдэхээс урьдчилан сэргийлэхийг;
Хүүхэд хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй тохиолдолд зохих
хууль, дүрмийн дагуу мэдээлэх үүргээ биелүүлж байхыг;
Аж ахуйн нэгж
байгууллага, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд:
Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж, хүүхдийн эрхэд
хүндэтгэлтэй хандаж, тэдэнд ээлтэй, аюулгүй орчин бүтээн байгуулахад анхаарах;
Бага насны хүүхэдтэй ажиллагсдын ажлын цагт уян хатан зохицуулалт
хийх;
Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон бараа бүтээгдэхүүн,
үйлчилгээгээр хангаж, насанд хүрээгүй иргэдэд хуулиар хориотой бараа
бүтээгдэхүүн худалдахгүй байхыг;
Олон нийтийн мэдээллийн
хэрэгслүүдэд:
Хүүхдэд ээлтэй цахим орчин бий болгохын төлөө анхаарч, хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжлийг
дэмжсэн агуулга бүхий контент, нэвтрүүлэг бэлтгэн түгээхийг;
Хүүхдийн хувийн нууц, аюулгүй байдалтай холбоотой мэдээ,
мэдээлэл бэлтгэхдээ тэдний хувийн эрх, эрх чөлөө, орон зайд хүндэтгэлтэй
хандаж, худал ташаа, хүүхдийн эрх зөрчсөн мэдээлэл гаргахгүй байхыг уриаллаа.