Малчдыг мэргэшсэн түүхий эд бэлтгэгчээр бэлдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХАА-н биржээс малын түүхий эдийг чанар, стандартын дагуу бэлтгэх түүхий эд бэлтгэгчтэй жишиг сумыг бий болгох төсөл хэрэгжүүлж байна.
Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн сүүлийн 30 жилд нэгж малчинд ногдох ажлын ачаалал 6 дахин, малын өвчлөл буюу мал эмнэлгийн үйлчилгээний шаардлага 10 дахин нэмэгджээ.
Дээрх байдал нь түүхий эдийн салбарт орчин үеийн инновац, автоматжуулалт болон таваар бэлтгэгч бэлтгэх зайлшгүй шаардлага үүсгэж байна. Тиймээс ХАА-н бирж 21 аймаг, 309 суманд малын гаралтай түүхий эдийг чанар, стандарт шаардлагын дагуу бэлтгэх хүмүүсийг бэлдэж, 16.600 ажлын байр бий болгохоор ажиллаж байна.
Энэ хүрээнд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 30 иргэнийг мэргэшсэн таваар бэлтгэгч болгох ажлыг нутгийн удирдлагатай хамтран зохион байгуулжээ. Тодруулбал, энд түүхий эд бэлтгэлийн “Жишиг сум” байгуулахаар болж, стандартын дагуу ямаа самнах, ноолуур бэлтгэх, таваар бэлтгэгч сургах 3 удаагийн танхимын сургалт зохион байгуулаад байна. Сургалтад сумын дөрвөн багийн 21 аравтын ахлагч, гишүүд болон Засаг даргын Тамгын газар, хөдөө аж ахуйн ажилчид, хувийн хэвшлийн төлөөлөл 150 гаруй хүн хамрагдлаа. Түүнчлэн сумын Сүмбэр багийн 85, Дэлгэрхаан багийн 50, Наран багийн 25, нийт 160 малчин өрхийн хотонд нь таваар бэлтгэгч нарын хамтарсан сургалт зохион байгууллаа.
ХАА-н биржээр арилжих бараа, түүхий эдийг хүлээн авч анхан шатны тордолт хийн, чанарыг хамгаалан хадгалж, боловсруулан шалгуур үзүүлэлтийг хангасан этгээдэд ХАА-н биржийн итгэмжлэл олгож, гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд биржийн итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг хангасан Баян-Овоо сумын “Хөх Чулуутын цуурай” хоршоонд итгэмжлэл олголоо. Тус хоршоо нь малын гаралтай түүхий эд, махны нийт 100 ам дөрвөлжин метр бүхий стандарт агуулахыг 2021 онд ашиглалтад оруулжээ.
Дээрх хоршоонд гишүүн малчдын түүхий эдийг хүлээн авах, анхан шатны чанарын тордолт хийх, бараа түүхий эдийг ангилах, чанар стандартын дагуу хадгалах тээвэрлэх, гишүүн малчдын захиалгыг биржийн арилжааны системд хэрхэн оруулах талаар сургалт зохион байгуулав. Ийнхүү “Жишиг сум” төслийг хэрэгжүүлж, тогтвортой ажлын байр бий болгох малчдыг мэргэшсэн таваар бэлтгэгчээр хангах ажлын эхний алхмыг хийж буйг ХХААХҮЯ мэдээллээ.