Цэвэрлэх байгууламжийг энэ онд ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-03-19 13:17:59

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын II багт Азийн хөгжлийн банкны 3.6 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар 3000 м3 хүчин чадалтай нэгдсэн цэвэрлэх байгууламж шинээр барих "L3388-MON" төслийн ажил өрнөж байна.

Аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр төслийг гүйцэтгэгч "Комфорт импекс" ХХК болон Азийн хөгжлийн банк, Барилгын хөгжлийн төв, барилгын зургийн компанийн төлөөлөлтэй уулзсан юм.

Талууд Сайншанд суманд стандарт чанарын шаардлага хангасан цэвэрлэх байгууламжийг 2021 онд багтааж ашиглалтад оруулах талаар ярилцсан байна.

Өмнө нь ашиглаж байсан цэвэрлэх байгууламж 1986 онд ашиглалтад орсон бөгөөд тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлээс шалтгаалан 1993 оноос технологийн дагуу ажиллах боломжгүй болсон аж.

Сайншанд сумын хүн ам жил бүр өсч эдүгээ 25 мянга орчим болоод байна. Гэтэл өнөөдрийг хүртэл Сайншанд сумын орон сууцнуудаас гарч буй  бохир усыг шингээх даланд татан төвлөрүүлж байгальд хаясаар ирсэн аж.

Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор хоногт 1000м3 саарал ус боловсруулж ногоон байгууламжийн усалгаа, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэнэ. 

Related news