Ч.Сайханбилэг: Засгийн газар 1072 хувьцааны 322-ыг нь иргэдээс худалдаж авна
МОНГОЛЫН МЭДЭЭЕрөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Монгол Улсын иргэдэд олгосон 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлэх асуудлыг Засгийн газар авч хэлэлцлээ. 2012 оны 4 дүгээр сарын байдлаар 2.858.000 иргэн хувьцаа эзэмшиж байснаас нийтдээ 278 мянган оюутанд 138 тэрбум төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд 4,8 тэрбум төгрөгийг хэсэгчлэн, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгийг, нийтдээ давхардсан тоогоор 1 сая 216 мянган иргэнд 464.8 тэрбум төгрөгийг бүхэлд нь болон хэсэгчлэн мөнгөжүүлэх ажлыг хийсэн.
Өнөөдрийн байдлаар 18 нас хүртэлх насны хүүхдүүдийг оролцуулалгүйгээр тооцвол, 1 сая 650 мянган иргэний хувьцаа мөнгөжөөгүй байна. Үүнтэй холбогдуулан санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ.1072 ширхэг хувьцааны 322 ширхэг хувьцаа буюу 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авах саналыг Засгийн газраас тавъя гэсэн шийдвэрийг сая гаргалаа. Цааш нь 750 ширхэг хувьцаа тухайн иргэнд үлдэнэ. Иймээс оны дараагийн хоёрдугаар хагаст үргэлжлүүлэн худалдаж авах санал тавьж байгаа.
Иргэн бүр 1072 ширхэг хувьцаагаа заавал Засгийн газарт худалд гэсэн шаардлага тавиагүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Хэрэв та бүхэн худалдах хүсэлтэй бол 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн улс орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын бүх салбарт очиж маягт бөглөсний үндсэн дээр өргөдлөө гаргаж, хүсэлтээ илэрхийлнэ.
Хэзээ та өргөдлөө өгнө, долоо хоногийн дараа 3 хувааж мөнгөжүүлэх бололцоотой. Энд дуусах хугацаа гэж байхгүй. Хувьцаагаа зарахыг хүссэн иргэн бүр цаг хугацаанаас үл шалтгаалан энэ асуудалд хамарч болно.
Энэ асуудлыг сонгуультай холбох хэрэггүй, бэлэн мөнгө тарааж буй асуудал биш. Хувьцааг нь худалдаж авч байгаа, өөрөөр хэлбэл төлбөр хийж байгаа асуудал юм. Түүнчлэн бүх асуудал хуулийн хүрээнд болно.
Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед Засгийн газар 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлсэн, эдийн засагт тодорхой хэмжээний эерэг өөрчлөлт авчрах шийдвэр гаргалаа” гэв.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал