Өмнөговь аймагт нутагшуулах 10 бугыг хүргэж ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 21:00:44

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын санаачилгаар байгалийн содон тогтоц бүхий үзэсгэлэнт газар болох "Говь гурван сайхан" ууланд буга нутагшуулахаар болсон билээ. Өнөөдөр аймгийн удирдлагууд "Говь гурван сайхан" ууланд нутагшуулах бугыг болон тэдгээрийг авч ирж буй зочдыг угтан авлаа.

10 бугын хоёр нь тураг, бусад нь согоо бөгөөд тэднийг маргааш "Говь гурван сайхан" ууланд тавих юм.

Тус аймгийн Номгон сумын уугуул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэнгийн дэмжлэгээр ийнхүү говь нутагт буга нутагшуулах ажил эхэлж байна. Мөн буга хүргэж ирсэн унаагаар Орхон уул аймагт нутагшуулахаар бэлэглэж буй 5 тэмээг тээвэрлэн буцах ажээ.

Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргын зүгээс халиун бугыг нутагшуулах төслийг хэрэгжүүлэхээр болсон ч санхүүгийн байдлаас шалтгаалан түр зогссон байжээ. Буга нутагшуулах төслийн судалгааг Өмнөговь аймгийн унаган иргэн, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын захирал доктор Н.Банди, МУИС-ийн доктор, багш Суран нар аймгийн ИТХ-ын хүсэлтээр хийж Гурвансайхан ууланд халиун буга нутагших бүрэн боломжтой гэж тогтоосон байна.

Өмнөговь аймгийн Гурвансайхан ууланд бараг 8 жилийн өмнө нэгэн согоо ирж нутагшсан нь өнөөг хүртэл байсаар байгаа билээ.  Энд согоо байгааг гэрэл зураг сонирхогчид зургийн хальснаа буулган баримтжуулсан нь бий.

“Одоогийн байдлаар Булган сумын Богинын хяр, Баруун сайхан ууланд нэг эр буга, Цогт-Овоо сумын нутагт бас нэг согоо байгаа аман мэдээ байна” гэж “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр хэлж байна. Халиун буга яагаад говь нутагт үзэгдэх болсоныг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж амжаагүй ч Говь гурван сайхан ууланд бас нэгэн гайхамшиг бий болж байгаад говийн иргэд бахархан баярлаж байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news