Засаг дарга С.Насанбат БНХАУ-ын Жилинь мужид ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-08-28 11:12:01

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дугуй ширээний хуралд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат оролцоод ирлээ.Тус хурал энэ сарын 21-24-ний өдөр БНХАУ-ын Жилинь мужийн Чанчунь хотод болсон юм.

Энэхүү хуралд Монгол Улсын Дархан-Уул аймаг, Төв аймгийн удирдлагуудаас гадна ОХУ, Япон Улс, БНСУ, БНАСАУ гэсэн 5 улсын 18 муж, хотуудын захирагч нар оролцож “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг сайжруулж, зүүн хойд Азийн сайн сайхан шинэ ирээдүйг бий болгох нь” сэдвийн дор хэлэлцүүлэг явууллаа.

Хэлэлцүүлгээс Зүүн хойд Азийн муж, хотууд солилцоо, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх нь бүс нутагт аюулгүй байдлыг тогтоох, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг бататгах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Иймд улс орнуудын хөгжлийн стратегийг уялдуулан холбох нь туйлын зүйтэй гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн байна. 
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат Жилинь мужийн Засаг дарга Жин Жинхайтай уулзалт хийж эдийн засаг, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцож хэд хэдэн ажлыг урьдчилан тохиролцлоо.

Манай аймаг нь 2010 онд Жилинь мужтай найрсаг харилцааг тогтоосон бөгөөд энэ харилцааг цаашид шинэ шатанд гаргахад хоёр талын удирдлагууд хүчин чармайлт гарган ажиллахаа уулзалтын үеэр илэрхийллээ.

 

Related news