Хөдөлмөрийн баатар гавьяатуудаа урин залж үнэтэй зөвлөгөөг нь сонслоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум газар
тариалангийн салбараас төрсөн олон арван баатар, гавьяат, хөдөлмөрийн
алдартнуудын өлгий нутаг гэдгээрээ онцлогтой сум. Энэ ч утгаараа Монгол Улсын
хэмжээнд газар тариалангийн элит сум гэгддэг. Тус сумын ЕББД сургуулийн
захиргаанаас үе
үеийн ахмад буурай нараа хүндэтгэн залж, тэдний амжилт бүтээлээс
хуваалцан ярилцах үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан
байна.
“Ахмадаа хүндэлье-Ахмадаа сонсье” нэртэйгээр зохион байгуулсан уг үйл ажиллагааны анхны зочин нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц.Сүрэн, Монгол
Улсын аварга
малчин Д.Батаа, Хөнгөн атлетикийн спортын мастер Б.Түвшинжаргал нар байв. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц.Сүрэн гуай
улсын зургаан удаагийн ургацын аварга бөгөөд трактор
комбайнч мэргэжилтэй хүн
юм. Тэрээр 1992 онд Монгол Улсын Хөдөлмөрийн
баатар цол хүртжээ. Харин аварга
малчин Д.Батаа нь 1985 онд сумын аварга малчин, 1989 онд улсын аварга малчин болсон аж. Хөнгөн
атлетикийн спортын мастер Б.Түвшинжаргал нь өөрийн хүч хөдөлмөрөө үнэлүүлэн
улс, аймгийн чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцон спортын мастер
цол хүртсэн байна.
Өсвөр үе хүүхэд багачууддаа эдгээр алдартнууд өөрийн амьдралын түүхэн замнал,
амжилтанд хүрсэн ололт, ажлын амт ямар байдаг талаар сонирхолтой яриа өрнүүүлж,
үнэтэй сургамж зөвлөгөө хайрлажээ. Энэхүү уулзалтын үеэр 12а ангийн сурагч
н.Даариймаа, 10а ангийн сурагч Г.Төгсбаяр, 9а ангийн сурагч н.Эрдэнэчимэг, оюутан
Тэмүүжин нар оролцон илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.