Улаанбурхан өвчнөөр томчууд өвдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-27 15:23:07

Хаврын урин дулаан улирал ирж байгаа ч ханиад томуу, томуу төст өвчний шинж тэмдэг Дорноговь аймагт  буурахгүй байна. Үүнээс гадна  тус аймагт улаанбурхан өвчний шинж тэмдэг цөөнгүй байгаа талаар албаны хүн өгүүллээ.

Сайншанд сумын гуравдугаар багт энэ өвчнөөр өвчилсөн 10-аад хүн байгааг  тус сумын “Мишээл мана” өрхийн эрүүл мэндийн төв үзлэг оншилгоогоор тогтоож заримыг нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлээд буй. Дээрх өвчний эсрэг вакцины эхний тунг есөн сартай хүүхдэд, хоёр дахь тунг хоёр настай болоход нь хийдэг аж.  

"Улаанбурхан өвчнөөр 1982-1992 онд төрсөн хүмүүс  өвдөж байгаа нь тухайн үед улаанбурхан өвчний эсрэг вакцин хэрэглээнд ороогүй байсантай холбоотой. Тиймээс насанд хүрсэн хүмүүс энэ өвчнөөр өвчилсөн тохиолдолд хүндэрч эмнэлэгт хэвтэх нь нийтлэг  байна" гэж эмч Ч.Ариунгэрэл ярив.  Тус багт 0-15 насны 1500 орчим  хүүхэд байдаг аж.

Х.Эрдэнэбулган

Related news