Хэнтий аймаг мод тарих ажлаараа дэд байрт шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-12 09:50:42

Хэнтий аймагт “Нэг сая мод ургуулах” хөдөлгөөнд ажлын зохион байгуулалт, үр дүн, шинэ санаачлагаараа  манлайлан улсад дэд байранд шалгарлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар “Мод тарих үндэсний өдөр”, 2013 оны 178 дугаар “ Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А-146 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/189, 190 дугаар захирамжаар Хэнтий аймаг “Нэг зуун мянган мод тарьж ургуулах хөдөлгөөн” өрнүүлэн ажилласан байна.

Хэнтий аймаг нь БОНХАЖЯ-ны хуваарийн дагуу 40000 ш мод тарих хуваарьтай байсан бөгөөд аймгийн хэмжээнд уг ажлыг зохион байгуулах, амьдралтыг 100 хувьтай байлгах зорилгоор “Нэг зуун мянган мод тарьж ургуулах” хөдөлгөөнийг өрнүүлэхээр шийдвэрлэв. Уг хөдөлгөөнийг сумдын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн 18 сум 5 тосгон тус бүрт байгуулагдаж,энэ оны 04 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 20-ны хооронд өөрийн сумын хуваарьт модыг тарьж, усалж, арчлан ургуулах ажлыг зохион байгуулав.

Энэхүү ажлын хүрээнд нийт 83790 ш мод, бут сөөг таригдаж, 5245 метр квадрат газрыг зүлэгжүүлж, 1136 м. кв талбайд цэцгийн мандал, 7 бичил  цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулагдсан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд нийт 23449 иргэн, давхардсан тоогоор 1024 аж ахуйн нэгж байгууллага, 7589 айл өрх оролцож, нийт 99.5 сая төгрөгийг зарцуулжээ. 

Мөн уг хөдөлгөөний хүрээнд сумдын дунд болзолт уралдаан зарласан бөгөөд ажлын үр дүн, зохион байгуулалтаараа Өмнөдэлгэр сум нэгдүгээр байр, Биндэр сум хоёрдугаар байр, Дэлгэрхаан сум гуравдугаар байр, Баян-Адрага, Жаргалтхаан, Батширээт сумдууд тусгай байранд шалгарав.

О.Буянхишиг

Related news