"Шударга ёсны төлөө-2015" шилдгүүдийг шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-10 10:59:25

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Шударга ёсны төлөө-2015” уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулсан билээ. Уг уралдаанд шалгарсан байгууллага, хүмүүст өнөөдөр шагнал гардуулав. Шагналыг АТГ-ын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболд болон Олон нийтийн зөвлөлийн гишүүд гардуулан өгсөн байна.

Хээл хахууль, хүнд суртлаас ангид төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, шударга ёсны манлайллыг салбар бүртээ, байгууллага дотроо нэвтрүүлж буй тэргүүний арга туршлагыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулсан юм. 

“Ил тод, нээлттэй цахим хуудастай байгууллага” уралдааны номинацид иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, олгож буй зөвшөөрөл, бүртгэлийн ажиллагааг цахимжуулах, иргэдийн хяналт, оролцоог идэвхжүүлэх зорилгоор www.smartpolice.mnцахим үйлчилгээг нэвтрүүлж, энэ оноос www.service.police.gov.mn болгон өргөжүүлж төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа Цагдаагийн ерөнхий газар шалгарсан байна. 

Эрүүл мэндийн үйлчилгээг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгож авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бодитой ажил санаачлан хэрэгжүүлсэн Улсын нэгдүгээр эмнэлэг “Эрүүл мэндийн салбарын шударга байдлыг дэмжих аянд идэвхтэй оролцсон хамт олон, байгууллага” шагналын эзэн болов. 

Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын хамт олонд “Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх талаар шинэ санал, санаачилга гаргасан төрийн байгууллага”-ын шагнал олголоо. Тус хамт олон үйл ажиллагаандаа олон улсын стандартын түвшинд нийцүүлэх зорилгоор чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн төдийгүй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллажээ. 

“Идэвх, санаачилгатай эрх бүхий албан тушаалтан” шагналыг Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Сансармаа гардлаа. Тэрээр шударга ёсыг бэхжүүлэх, иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах болон авлигаас ангид төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр бусдад сайн туршлага болохуйц олон талт арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж хуулиар хүлээсэн чиг үүргээ шинэлэг арга хэлбэрээр үр бүтээлтэй биелүүлэн ажилласан тул энэ шагналыг хүртсэн байна. 

“Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” төрийн бус байгууллагыг “Авлигын эсрэг үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож буй иргэн, төрийн бус байгууллага”-аар шалгаруулжээ. Тус байгууллага нь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, олон нийтийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх сургалт сурталчилгааны үйл ажиллагааг тасралтгүй, үе шаттайгаар зохион байгуулах, сургалтын гарын авлага, хэрэглэгдэхүүнийг судалгаанд суурилан боловсронгуй болгоход идэвх санаачилгатай ажилласан тул ийнхүү шалгарчээ. 

Хичээлийн хөтөлбөр, хэрэглэгдэхүүнийг сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан сурагчдад авлигын хор хөнөөлийг тайлбарлан таниулах, шударга зан үйлийг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж ажилласан нийслэлийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн хамт олонд “Шударга ёс бидний тэмүүлэл” хичээлийн хөтөлбөрийг хүүхэд залууст сонирхолтой арга хэлбэрээр баяжуулан таниулах ажлыг зохион байгуулсан сургалтын байгууллага” шагнал гардуулав.

Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах үйл ажиллагааг тасралтгүй, үе шаттайгаар зохион байгуулсан тул “Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх хүсэл зориг, эрмэлзэлтэй удирдлага” шагналаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдааг шалгаруулан шагнажээ. 

Монголын Сурагчдын холбоо төрийн бус байгууллага нь өв соёлоо уламжлан дэлгэрүүлж, эх орныхоо сайн нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж чадах үндэсний сэтгэлгээтэй, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэгч өсвөрийн сургагчдыг бэлтгэх “Өсвөрийн 333 сургагч багш” бэлтгэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн шударга байдлыг нэмэгдүүлэх шат дараалалтай, үр дүнтэй арга хэмжээг орон даяар зохион байгуулан ажиллаж “Хүүхэд залууст шударга ёсыг ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг зохион байгуулсан төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага” номинацид шалгарсан байна. 

Нийгмийн даатгалын үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлж иргэдэд ил тод, хүртээмжтэй үйлчлэх чиглэлээр олон нийтийн талархлыг хүлээсэн аян зохион байгуулж байгаа Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олонд “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр олон нийтэд хүртээмжтэй, оролцоог хангасан шударга ёсны аян зохион байгуулсан байгууллага” шагналыг тус тус гардууллаа. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ