Оюутнууд их дээд сургуулийн удирлагуудтай зөвшилцөлд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-11 16:48:48
@s_munkhbaatar
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Оюутны зөвшилцөх хөдөлгөөнөөс сургалтын төлбөрийн асуудалтай холбогдуулан БСШУСЯ, их дээд сургуулийн удирдлагуудтай хийсэн зөвшилцлийн талаар мэдээлэл хийв.

Ардчилсан оюутны холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвадорж хэлэхдээ, "Оюутны байгууллагын төлөөлөлүүдээс сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж удаа дараа хэвлэлийн хурлыг зохион байгуулж байсан билээ. 96 их дээд сургуулийн удирдлага болон БСШУСЯ-нд дөрвөн шаардлага бүхий албан бичиг явуулж тэднийг Төрийн ордны иргэний танхимд зөвшилцөх хэлэлцүүлэгт урьсан боловч уг хурал хаалттай болсон. Оюутны зөвшилцөх хөдөлгөөнөөс дараах шаардлагуудыг тавьсан. Нэгдүгээрт, их, дээд сургууль болгон тухайн хичээлийн жилийн төлбөрийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг хичээл эхлэхээс өмнө сургуулийнхаа оюутнуудтай хэлэлцэнэ. Төлбөр нэмэхийг оюутнуудын олонх дэмжвэл нэмнэ. Хоёрдугаарт,  сургалтын төлбөрийн нэмэгдлийн тодорхой хувийг багш, оюутнуудын хөгжил, сургалтын орчныг сайжруулахад зарцуулах чиглэлд  төсвийг ил тод болгоно. Гуравдугаарт, сургалтын төлбөрийн нэмэгдлийг шийддэг тухайн сургуулийн удирдах зөвлөлд оюутны квот бий болгохыг шаардсан. Дөрөвдүгээрт, багш, оюутан, сургуулийн удирдлага гэсэн гурвалсан гэрээ байгуулж хичээлийн жилийн төгсгөлд үр дүнгээ ярилцан амласан зүйлээ хийсэн эсэхийг оюутнууд дүгнэдэг болно. Дээрх дөрвөн саналыг хэлэлцүүлгийн үеэр бүх их дээд сургуулийн удирдлагууд дэмжсэн. БСШУСЯ-наас энэ талаар зөвлөмж гаргаж, судалгаа тооцоог хийж ажиллах болсон. Хэрэв аль нэг шаардлагыг амласан ёсоороо биелүүлээгүй сургуулийн захирлыг ажлаас нь халуулах, тухайн сургуулийн магадлан итгэмжлэлийг цуцлуулах арга хэмжээ авах хүртэл тэмцэнэ” гэв.

Уг хэлэлцүүлгээр төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд энэ долоо хоногийн Даваа гарагаас оюутнуудтайгаа уулзалт хийхээр болсон аж.
     С.Мөнхбаатар    

Холбоотой мэдээ